АНУ байлдааны хөлөг онгоцуудаа Солонгосын хойгт байрлуулав

ДЭЛХИЙН МЭДЭЭ
dorjkhand@montsame.mn
2017-04-10 09:37:43

ВАШИНГТОН. /Reuters/. Умард Солонгосын пуужингийн хөтөлбөртэй холбоотойгоор түгшүүртэй байдал улам хурцдаж буй энэ үед АНУ-ын арми цохилтын хүчний бүлгээ Солонгосын хойгт байрлуулахаар шийдвэрлэжээ.

“The Carl Vinson” цохилтын хүчний бүрэлдэхүүнд “USS Carl Vinson” нисэх онгоц тээвэрлэгч хөлөг онгоц болон байлдааны хөлөг онгоцууд байгаа аж.

АНУ-ын Номхон далайн командлал Номхон далайн баруун хэсэгт тус хүчнийг байруулж байгаагаа “бүс нутагт бэлэн байдлыг хангах зорилгоор авч буй урьдчилан сэргийлэх арга хэмжээ” гэж тодорхойллоо.

Умард Солонгосын цөмийн аюул заналхийллийг АНУ дангаараа сөрөн зогсоход бэлтгэж байгаа гэж Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдэж байсан юм.

“The Carl Vinson” тэнгисийн цэргийн цохилтын хүчний бүлгийг эхэндээ Австралийн боомтуудад байрлуулахаар төлөвлөж байсан боловч дараа нь Номхон далайн баруун хэсэгт байрлуулахаар шийдвэрлэсэн байна. Саяхан тус бүс нутагт АНУ-ын арми Өмнөд Солонгосын тэнгисийн цэргийн хүчинтэй хамтран цэргийн сургуулилт хийсэн билээ.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ