Зургаан сум эмнэлгийн машинтай болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-04-08 21:23:35

Дундговь/МОНЦАМЭ/ ЭМЯ- аас Дундговь аймгийн 7 сумын эмнэлэгт түргэн тусламжийн автомашин өгнө. Дэлгэрхангай суманд нэг автомашин урьдчилж өгөөд байгаа бол 6 автомашины хөрөнгийг энэ оны төсөвт багтаан баталсан гэж Эрүүл мэндийн дэд сайд Л. Бямбасүрэн хэллээ.

Тэрээр Мандалговь хотод ажиллах үеэр аймгийн ЭМГ болон Нэгдсэн эмнэлэгийн эмч ажиллагсадтай уулзсан бөгөөд энэ үеэр 4 сумын эмнэлэгийн автомашины батламжийг ЭМГ- т гардуулсан байна. Мөн Нэгдсэн эмнэлэгт шаардлагатай байгаа мэс заслын гэрэл,  суурин эхо аппаратын асуудал шийдэгдсэн гэдэг мэдээг дуулгасан юм. Эрүүл мэндийн салбарынхан дэд сайдтай уулзахдаа түүнд хандуулсан нэг хүсэлт бол Нэгдсэн эмнэлэгийн зөөврийн эхо аппаратын засварын хөрөнгө байсан. Үүнийг газар дээр нь шийдвэрлэж, засварт шаардагдах 14 сая төгрөгийг орон нутгийн төсвөөс гаргуулахаар болов.

Мөн Мандалговьд ажилласан БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаяр удахгүй Монгол Улсын Ерөнхий боловсролын сургуулиудад хэрэгжих гэж байгаа “Цахим сургууль” хөтөлбөрөөр Дундговь аймгийн 4 сургуульд тус бүр нь 100 мянган ам.долларын хөрөнгө оруулалт орж ирнэ гэдгийг хэлсэн юм.

Энэ хөтөлбөрт суралцагчдын нь тоог харгалзан Сайнцагаан сумын “Эрдмийн далай”, “Говийн ирээдүй”, “Хүмүүнлэг” сургууль болон Эрдэнэдалай сумын сургууль хамрагдахаар болсон байна.

Т. Отгонтуяа 

Холбоотой мэдээ