"Суурь" ХХК-иас 2 тэрбумтай дүйх гүйцэтгэлийг шаардана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-04-08 19:31:22

Дундговь/МОНЦАМЭ/ БСШУС- ын дэд сайд Ё.Отгонбаярыг Мандалговь хотод ажиллах үеэр иргэд хэдэн жилийн өмнө эхлүүлээд орхисон аймгийн театрын барилга баригдах эсэхийг сурагласан юм.

Театрын барилгыг улсын төсвийн 7.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж ашиглалтад оруулахаар 2011 онд тухайн үеийн Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам тендэр зарлан “Суурь” ХХК- ийг шалгаруулсан байдаг. Одоогоор барилгын суурь хагас дутуу цутгагдаад орхигдсон, барилга хэзээ ашиглалтад орох байтугай үргэлжлэн баригдах эсэх нь тодорхойгүй байдалтай байгаа юм.

Театрын барилгыг гүйцэтгэгч “Суурь” ХХК улсын төсвөөс 2 тэрбум 40 сая төгрөг авсан боловч барилгын гүйцэтгэл 700 гаруй сая төгрөгтэй л дүйх хэмжээнд байгаа нь үнэхээр учир дутагдалтай. Одоо бид гүйцэтгэгч компаниас 1.3 тэрбумын гүйцэтгэл шаардана. Эсвэл төсвийн мөнгийг зориулалт бусаар зарцуулсан тул хуулийн байгууллагад хандана  гэдгийг дэд сайд Ё. Отгонбаяр хэлж байна.

“Дундговийн театрын барилгын төсөв хөрөнгө намайг сайд байх үед шийдэгдсэн. 2012 онд Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаад авилгажсан төсөвтэй гээд олон барилгыг царцаасан. Түүнд Дундговийн театрын барилга багтсан. Шалгаж шалгаж авилга олоогүй. Үр дүнд нь барилга хойшилсон. Аль 2011 оны төсвөөр эхлүүлсэн барилга одоо 2017 онд төсвийн зөрүү гарах нь мэдээж юм.Компани 2 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан, тийм хэмжээний барилга угсралтыг хийлгэчих. Тэгээд дараагийн хөрөнгийг шийдье гэдэг байр суурийг Сангийн яамнаас илэрхийлж байгаа”  гэв.

Т. Отгонтуяа 

 

Холбоотой мэдээ