“Uniqlo” компани Трампын бодлогоос шалтгаалан АНУ дахь бүх дэлгүүрээ хаана
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМТОКИО./DW/. Хэрэв Ерөнхийлөгч Дональд Трампын бодлогын дагуу бараа бүтээгдэхүүнээ АНУ-д үйлдвэрлэхийг шахан шаардах аваас АНУ-д байгаа бүх дэлгүүрээ хаана гэдгээ Японы жижиглэн худалдааны "Uniqlo" компани мэдэгджээ.
“Uniqlo” компанийн толгой компани болох Ази дахь жижиглэн худалдааны хамгийн том сүлжээ “Fast Retailing”-ийн ерөнхийлөгч Тадаши Янай хэлэхдээ, хэрэв үйлдвэрээ АНУ руу нүүлгэхийг шаардвал шийдвэртэй хариу арга хэмжээ авна гэж хэлсэн байна.
Учир нь, Д.Трамп брэндийн бүх компаниудад хандан, АНУ-ын нутаг дэвсгэрт үйлдвэрлэлээ явуулахыг шаардсан бөгөөд үүнийг хэрэгжүүлээгүй компаниудад нэмэлт татвар ногдуулах гэж байгаа аж.
Тадаши Янайгийн хэлснээр, ийм бодлого хуулиар батлагдсан тохиолдолд АНУ дахь бүх дэлгүүрүүдээ хаах ажээ.
АНУ-д байгаа 50 гаруй дэлгүүрүүдийн үйл ажиллагаа нэлээд хязгаарлагдмал байгаа бөгөөд өргөжүүлэн тэлэх гэсэн удаа дараагийн оролдлого нь бэрхшээлтэй тулгарч байгаа учраас АНУ-д 200 дэлгүүртэй болж өргөжих гэсэн төлөвлөгөөнөөсөө тус компани ухрахад хүрээд байна.
Гэхдээ Тадаши Янай жилд 20-30 дэлгүүр шинээр нээнэ гэж найдсаар байгаа ажээ.
Х.Сарнай