Хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэхэд өрхийн эмчийн ур чадвар чухал

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2017-04-05 13:44:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэхэд өрхийн эмчийн оролцоо, ур чадвар чухал нөлөөлдөг байна.

Сүүлийн жилүүдэд нийслэлийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоо өсөх хандлага бий болсонтой холбогдож ӨЭМТ-ийн эмч нарыг чадавхижуулах шаардлагатай байгаа юм. Иймд энэ анхан шатлалын эмч нарт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн судалгааг гаргах арга зүйд сургах, бүртгэл мэдээллийн тогтолцоог сайжруулах хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх арга хэмжээг цаг алдахгүй авч сурах мэдлэг чавдар эзэмшүүлэх шат дараатай сургалт явуулж байна.

Энэ удаа үйл ажиллагааны  гүнзгийрүүлсэн сургалт болох  “Илрүүлгийн өгөгдөл, үр дүнг тооцох аргачлал” сургалтыг өнөөдөр Эрүүл мэндийн хөгжлийн төв /ЭМХТ/-д зохион байгууллаа. Өмнөх сургалтад хамарсан  эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд  болох  Дүүргийн эрүүл мэндийн төвийн статистикч эмч, өрхийн эрүүл мэндийн төвийн мэдээлэл хариуцсан ажилтан болон өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нар судалгааны аргазүй, аргачлал болон  илрүүлгийн өгөгдөл, үр дүнг тооцох аргачлалд суралцан, судалгаа хийх мэдлэг, чадвар нь сайжран мэдээ мэдээлэлд дүн шинжилгээ хийх чадавхтай болсон билээ.

Мөн ЭМЯ-наас 2017 оныг “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан Эрүүл мэндийн хөгжлийн төв /ЭМХТ/ Халдварт бус өвчнөөс сэргийлэх, эрт илрүүлэх цогц арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Уг ажлын хүрээнд ЭМХТ, НЭМГ, АШУҮИС-ийн харьяа НЭМС-тай хамтран “Хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэгийн судалгааны арга зүйд сургах, бүртгэл мэдээллийн тогтолцоог сайжруулах сургалт”-ын хөтөлбөрийг боловсруулан ӨЭМТ-ийн эмч нарыг чадавхжуулах сургалтыг нийслэлийн төвийн зургаан дүүргийн ӨЭМТ-ийн дарга нар болон ӨЭМТ-ийн эмч нар, нийт 120 орчим эмч, мэргэжилтнүүдийг хамруулан зохион байгуулж байна.

Тус сургалтад хамрагдснаар өрхийн эмч нар хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх арга зүйд суралцах юм. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн судалгааг гаргаж, бүртгэл мэдээлэл сайжирч, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хүрэх анхан шатлалын тусламж үйлчилгээ сайжрах нөхцөл бүрдэнэ.

Улмаар тухайн хүүхдэд эрт арга хэмжээ авч, оношлон, эмчилгээ үйлчилгээ үзүүлсэнээр насан туршдаа хөгжлийн бэрхшээлтэй болохгүй байх, эрүүл саруул болоход нь туслах юм.

Д.Өлзий

Холбоотой мэдээ