АШУҮИС-ийн эрдэмтэн багш, судлаачид дэвшилтэт арга технологийг судалсан үр дүнгээ хэлцэж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДУлаанбаатар /МОНЦАМЭ/.Монголын анагаах ухааны “Эрдмийн чуулган-59” өнөөдөр Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Оюутны соёлын төвд болж байна.
АШУҮИС-ийн Монголын анагаах ухааны олон улсын сургуулийн захирал, академич, АУ-ы доктор, профессор Д.Цэрэндагва, АШУҮИС-ийн Эрдэм шинжилгээ хөгжлийн бодлого эрхэлсэн дэд захирал, АШУ-ы доктор, профессор Б.Мөнхбат нар тус чуулганыг нээж үг хэлсэн юм.
Эрдмийн чуулганаар АШУҮИС-ийн эрдэмтэн багш, судлаачид анагаах ухааны дэвшилтэт арга технологийг судалсан ажлын үр дүнгээ жил бүр мэргэжил нэгт нөхөд болон олон нийтэд танилцуулж, түгээн дэлгэрүүлдэг уламжлалтай. Чуулганы үйл ажиллагааг нотолгоонд суурилсан анагаах ухааныг хөгжүүлж, эмнэлзүйн практикт нэвтрүүлэх, шилдэг судлаач, судалгааны ажлыг дэмжин урамшуулах, олон улсын анагаах ухааны хөгжилтэй хөл нийлүүлэх зорилготой зохион байгуулдаг.
Энэ удаа флавоноид судлал, ургамлын бүтээгдэхүүний инновацийн стратегийн төлөв, хандлага, Ясны хугарлын жүдо бариа засал ба алтан гагнуурын шавшлагын хавсарсан эмчилгээний үр дүн, Монгол анагаах ухааныг дэлхийн түвшинд судлах нь, Настны цус хомсрох харвалтын дараах зүү эмчилгээний үр нөлөө зэрэг сонирхолтой илтгэлийг монгол, япон зэрэг орны судлаач эрдэмтэд тавьсан юм. Эдгээр илтгэлийн дараа уг сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлсэн.
Чуулганы II хэсэгт Монголын уламжлалт ангаах ухааны онол зарчим, эх зохиолын судалгаа сэдвээр гурван илтгэл сонсгов. Харин III, I хэсэгт тодорхой сэдвүүдээр дөрвөн ч илтгэлийг тавьсаны дараа хэлэлцүүлэг өрнүүлэн санал солилцсон бол V хэсэгт Эмнэл зүйн судалгаа сэдвээр дөрвөн судлаач, эрдэмтний илтгэлийг сонсгоно. Үүний дараа хэлэлцүүлэг өрнүүлж улмаар эрдэмтэн, судлаачид судалгаа шинжилгээний ажлын үр дүнгээ аман, ханын болон электрон илтгэлийн хэлбэрээр дэлгэн танилцуулахаас гадна, эмнэлзүйн практикт тохиолдсон ховор тохиолдлууд, тэдгээрийн урьдчилан сэргийлэлт, оношлогоо эмчилгээний асуудлуудыг хэлэлцэх юм.
Олон улсын түвшинд хийсэн судалгааны ажлууд энэ удаагийн чуулганд хэлцэгдэхээр олноор ирсэн нь чуулганыг илүү сонирхолтой, өгөөжтэй, өрсөлдөөнтэй болгохоор байна хэмээн зохион байгуулагчид ярьж байв. Чуулганы төгсгөлд шилдэг бүтээлийн эзэд тодрох юм.
Дашрамд дуулгахад, Монгол Улсын анагаах ухааны салбарын шилдэг эрдэмтэд, судлаачдын бүтээлтэй танилцахыг хүссэн хэн бүхэнд нээлттэй юм.
Д.Өлзий