Б. Мөнгөнцэцэг: “Эд хогшил бүртгэхийн оронд зээлтэй юу гэдгийг асуу” гэж олон иргэн хэлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-04-04 23:28:05

Дундговь/МОНЦАМЭ/  Дундговь аймагт өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгаа хийхэд нийт 49 тоологч ажиллаж байна. Тэдний 11 нь аймгийн төвд ажиллаж байгаа бөгөөд судалгаа тав дахь өдрөө үргэлжилж байгаа энэ үед тоологчдод ямар асуудал тулгарч байгаа талаар тоологч Б. Мөнгөнцэцэгтэй уулзаж тодруулсан юм. Тэрээр Сайнцагаан сумын 7-р багт ажиллаж байгаа бөгөөд 380- аад өрхөөс судалгаа авна. Судалгаа эхэлснээс хойш 70 дахь өрхөөрөө ороод гарч байхтай нь тааралдсан юм.

-Судалгааны нь явц ямархуу байна вэ?

-Удаашралтай байна. 7- р баг бол яг аймгийн төвийн баг учраас орон сууцны айл өрхүүд олонтой. Орон сууцны дугаарлалт давхацсан, жишээлбэл 17- оор дугаарласан 4 орон сууц, 30 тоот 2, 16- аар дугаарласан мөн 2 орон сууц байна. Тэгээд чухам алинд нь миний очих айл байгаа вэ гэдгийг эргэж тодруулах шаардлага гарч байна. Баг дотроо шилжин суурьшсан айл өрхүүд олон байдаг юм байна. Одоо сурагчдын амралттай үе болохоор бас нэлээд олон айл эзэнгүй таарч байна. Өдрийн цагаар бол олон айл цоожтой эсвэл хүүхдүүд байгаа учраас тухайн үед нь орхиж, тэр болгонд дахин очих шаардлага гарч байна. Бүр 4- 7 удаа нэг айлыг эргэж байгаа тохиолдол ч гарч байна. Өнгөрсөн амралтын 2 өдөр гайгүй явсан. Ажлын өдрүүдэд ялангуяа оройн цагаар явах шаардлагатай байгаа.

-Орой хэдэн цаг хүртэл ажиллаж байна вэ?

-22 цаг.  Заримдаа 23 цаг хүртэл явсан тохиолдол бий. Орой хүмүүс гэртээ байх нь завшаантай боловч ая тухыг алдагдуулахад дуртай биш. Түүнээс гадна манай тоологч нар ихэнх нь эмэгтэйчүүд байгаа болохоор айлын нохой, харанхуй бүрийгээс айх явдал бас гарна.

-Судалгааг хүмүүс хэр сайн хүлээж авч байна вэ?

-Зарим хүн  судалгаа хийж явааг ойлгохгүй хөөж туусан тохиолдол гарсан.”Гайтай юмнуудаас болж ажил алдлаа” гэх мэтээр загнуулсан явдал бий. Цонхоороо харсан хэрнээ хашааны хаалгаа нээж өгөхгүй буцаах зэргээр судалгаанд дэмжлэггүй хандах явдал гарсан.

- Төрийн нэрийн өмнөөс явж байгаа болохоор бас хүндэтгэлтэй хандах айл өрхүүд байгаа байлгүй дээ?

- Байлгүй яахав. Судалгаа явагдаж байгаа талаар мэдээлэлтэй, зорилгоо хэлээд ороход уриалгахан угтаж авч байгаа айлууд байгаа.  Ер нь бид иргэдийнхээ төлөө л явж байгаа шүү дээ. Амьжиргааны түвшин доогуур айл хаана байна, тэднийг үнэн зөвөөр тодорхойлоод гаргачихвал нийгмийн халамж үйлчилгээнд хамрагдахад нь тусалж байгаа хэрэг гэж би хувьдаа ойлгож байгаа.

-Иргэд  судалгаатай холбоотой ямар нэг санал хэлэх тохиолдол хэр байна вэ?

-Яахав, санал ч гэх үү, шүүмжлэл ч гэх үү, тухайлбал, та нар эд хогшил бүртгэхийн оронд лизингтэй юу, цалин, тэтгэвэр, орон сууцны зээлтэй юу гэдэг нэг ч асуулт асуухгүй байна. Амьжиргааны түвшин тодорхойлох  гол асуулт чинь  энэ шүү дээ гэдгийг маш олон иргэн хэлж байна.  Хөргөгч, зурагт, будаа агшаагчгүй айл гэж хаа ч байхгүй. Эдгээр нь харин амьжиргааны түвшин түвшингээр өөр өөр байдаг. Үүнийг нь илэрхийл л дээ.  Цалин мөнгө байлаа гэхэд бас л түвшин түвшингээр өөр шүү дээ гэх зэргээр  бараг орсон айл бүрт л санал, шүүмжлэлтэй таарч байгаа.

-Зав гаргаж мэдээлэл өгсөнд баярлалаа.  

Т. Отгонтуяа 

 

Холбоотой мэдээ