Эрүүл мэндийн дэд сайд Дорнод, Сүхбаатар аймагт ажиллав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2017-04-03 17:06:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн энэ сарын 01,02-нд Дорнод, Сүхбаатар аймагт ажиллалаа.

Энэ үеэр тэрээр эрүүл мэндийн байгууллагуудын удирдлагуудтай уулзаж аймгийн эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлыг сонсож, Дорнод аймгийн БОЭТ, Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн тасаг нэгжийн үйл ажиллагаатай нь танилцав.

Тэрбээр салбарынхаа ажиллагсдын санал бодлыг сонсохын зэрэгцээ эрүүл мэндийн салбарын зарим тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр болж БОЭТ-д унтуулгын аппарат, Сэргэлэн, Гурванзагал сумын Эрүүл мэндийн төв, БОЭТ-д түргэн тусламжийн автомашин олгох эрхийн бичиг, Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлэгт мэс заслын гэрэл, ариутгалын бүрэн автомат автоклав, 2017 онд Эрүүл мэндийн сайдын багцаас нийт 4 түргэн тусламжийн автомашиныг олгохоор төлөвлөснийг баталгаажуулж батламж бичгийг гардуулж, сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд олон найрлагат бичил тэжээлийнбэлдмэл, А, Д амин дэм олгосон юм.

Мөн хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд идэвх зүтгэлтэй ажиллаж байгаа БОЭТ-ийн чих хамар хоолойн эмч Г.Анхбаяр, Асралт үйлс өрхийн эрүүл мэндийн төвийн их эмч Б.Нарантуяа, БОЭТ-ийн хүүхдийн тасгийн асрагч М.Нарантуул, Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн асрагч Н.Алтанцэцэг, Мэргэжлийн хяналтын газрын ахлах байцаагч Д.Хүрэлбор, ЭМГ-ын ахлах мэргэжилтэн У.Энхчимэг  нарыг “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” хүндэт тэмдэг, мөн эрүүл мэндийн салбарт үр бүтээлтэй ажиллаж байгаа эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг ЭМЯ-ны Жуух бичгээр шагнаснаас гадна Дэлхийн эмч нарын өдөр болж өнгөрсөнтэй холбогдуулан залуу эмч нарт гарын бэлгээ гардуулж, ажлын амжилт хүслээ гэж ЭМЯ-наас мэдээлэв..

Холбоотой мэдээ