Сүхбаатар аймагт мэс заслын болон аруитгалын тоног төхөөрөмж өгнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-04-03 16:26:46

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, эх барих, эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Болормаа нар энэ сарын 01-ний орой Сүхбаатар аймагт ажиллаад буцлаа. Тэд Эрүүл мэндийн газар, аймгийн нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдтэй уулзаж тулгамдсан асуудлуудтай танилцсан юм.

Сүхбаатар аймгийн засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны  хөтөлбөрт эрүүл мэндийн салбарлуу чиглэсэн маш олон ажил тусгагдсан байдаг. Зөвхөн тус салбарт гэхэд 800 орчим сая төгрөг төсөвлөжээ. Үүний хүрээнд  аймгийн НЭ-т шаардлагатай байгаа тоног төхөөрөмжийг татах чиглэлээр Эрүүл мэндийн яаманд тодорхой саналуудыг хүргүүлээд байсан  нь эхнээсээ ажил хэрэг болж байна. Тодруулбал, мэс заслын хагалгааны тоног төхөөрөмж, ариутгалын автоклавыг шийдвэрлэж өгөхөөр болсоныг мэдэгдээд тоног төхөөрөмжүүдийн эрхийн бичгийг уулзалтын үеэр аймгийн НЭ-ийн даргад гардуулан өглөө. Эмнэлгийн тоног төхөөрөмжүүд нь одоогоор Монгол Улсад нийлүүлэгдээгүй байгаа учир урьдчилж эрхийн бичиг гардуулж байгаа гэдгийг Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн хэллээ. Хамгийн гол нь нийгмийн эрүүл мэндийг дэмжих жилийн хүрээнд ард иргэд рүү чиглэсэн сургалт сурталчилгааг маш сайн хийх хэрэгтэй, иргэдийн эрүүл мэндийн боловсрол үнэхээр дутмаг байгаа гэдгийг тэрээр онцолсон юм.

Уулзалтын үеэр эрүүл мэндийн салбарт үр бүтээлтэй амжилттай ажиллаж байгаа эмч эмнэлгийн гурван мэргэжилтнийг ЭМЯ-ны жуух бичгээр, Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтнаар гурван хүнийг шагналаа. Мөн эмнэлгийн зөөлөн эдлэл, хүүхдийн амин дэм, сургалтын хэрэглэгдэхүүн зэргийг хүлээлгэн өгч, түүнийг хуваарилах үүргийг аймгийн Эрүүл мэндийн газрын зарга Н. Батсанаад өглөө.

Эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, үйл ажиллагаа, хүртээмжийг сайжруулахын тулд бүхий л талаар хамтарч, дэмжиж ажиллахад бэлэн гэдгээ дэд сайд Л.Бямбасүрэн илэрхийлсэн юм.

Т.Одончимэг

Холбоотой мэдээ