“SpaceX” компани ашигласан пуужингаа дахин хөөргөсөн нь түүхэн үйл явдал боллоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
dorjkhand@montsame.mn
2017-03-31 11:56:52

ВАШИНГТОН./Xinhua/.  АНУ-ын сансрын техник, тоног төхөөрөмж үйлдвэрлэгч “SpaceX” компани өмнө нь ашигласан “Falcon 9” пуужинг түүхэнд анх удаагаа сансарт дахин хөөргөжээ.  Пуужингийн эхний угсраа хэсэг Атлантын далайд байрлуулсан хөвөгч тавцан дээр амжилттай газардсан байна.

Люксембургт төвтэй “SES” компанийн харилцаа холбооны хиймэл дагуулыг тээвэрлэсэн хоёр угсраа хэсэг бүхий уг пуужинг пүрэв гарагийн оройны 6:27 цагт Флорида муж улс дахь Кеннедийн сансар судлалын төвөөс хөөргөжээ.

Үүнээс 10 минутын дараа пуужингийн эхний угсраа хэсэг Атлантын далайд байрлуулсан "Of Course I Still Love You" тавцан дээр амжилттай газарджээ.

“SpaceX” компанийн хувьд урьд нь ашигласан пуужингаа дахин хөөргөсөн нь түүхэн үйл явдал юм.

Хөөргөсөн пуужинг дахин ашиглана гэдэг бол эдийн засгийн хувьд асар их хэмнэлттэй зүйл билээ. Пуужингийн угсраа хэсгүүд нь хөөргөх явцад дахин ашиглаж болохооргүй болж, эвдэрсэн байдаг ажээ.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ