590 гаруй ажлын байранд иргэнийг зуучиллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-03-28 22:03:28

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт өнөөдөр “Ажилтай иргэн орлоготой өрх” нээлттэй ажлын байрны өдөрлөг боллоо.

Өдөрлөгт  "Оюу толгой" ХХК, "Таван толгой" ХК, "Энержи ресурс" ХХК, "Монголын алт" ХХК  зэрэг нийт 52 компани оролцлоо. Уг өдөрлөгийн үеэр 590 гаруй ажлын байранд орох хүсэлтэй хүмүүсийг бүртгэж зарим иргэдийг шаардлагатай ажлын байрандаа газар дээр нь шууд авсан байна.

"Энэ бидний хувьд анх удаа зохион байгуулж буй ажил учраас алдаа оноо байсныг үгүйсгэхгүй. Олон сумдаас иргэд ажилд орох гэж ирээд зарим нь орж чадалгүй буцаж байгаа тохиолдол байна. Гэхдээ энэ ажлыг ганц удаа зохион байгуулаад зогсохгүй дараа дахин хийх болно. Мөн зарим уул уурхайн компаниудын хувьд өөрсдийн дотоод журмынхаа дагуу анет бөглүүлэн авч шалгаруулалттай дараа хийхээр болсон байгаа. Тус өдөрлөгөөр 590 гаруй ажлын байранд иргэнийг зуучилсан томоохон ажил боллоо" гэж тус аймгийн Засаг даргын орлогч Х.Батболд ярилаа. 

Өмнөговь аймгийг 2016-2020 онд хөгжүүлэх аймгийн Засаг даргын “Бид хамтдаа” үйл ажиллагааны хөтөлбөрт 5000-аас доошгүй ажлын байрыг бий болгоно гэсэн заалтыг оруулсан. Мөн тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниудын ажилчдын 50-аас доошгүй хувийг Өмнөговь говийн иргэд бүрдүүлдэг байх гэсэн 2015 оны ИТХ-ын тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор аймгийн Засаг даргын Тамгын газар, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар хамтран дээрх өдөрлөгийг зохион байгуулсан юм.

Д.Мишигсүрэн

 

Холбоотой мэдээ