Ц.Мөнхнасан: Төр иргэддээ боломжийг үргэлж бий болгож байх ёстой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2017-03-28 18:33:21

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, 2017 оны үндсэн чиглэл батлагдсан бөгөөд түүнийг хэрэгжүүлэхэд төрийн албан хаагчдын сэтгэл, хандлага, ёс зүй, сахилга бат дээр нь тэдний иргэдтэй харьцах харилцааны соёл тун чухал гэдгийг чухалчлан үздэг нэгэн. Тэрээр “Төр бол иргэддээ үргэлж боломжийг бий болгож өгөх үүрэгтэй. Харин иргэд хөдөлмөрлөх ёстой. Ингэж байж хөгжинө” хэмээн онцлоод байгаа. Ингээд Засаг дарга Ц.Мөнхнасантай аймгийн хөгжлийн хөшүүрэг болох хөдөө, мал аж ахуй, аялал жуулчлал, ард иргэдийнхээ ажилтай орлоготой байх талаас үйлдвэржилтийг эхлүүлээд байгаа болоод хувь хүн талаас дэлгэрэнгүй ярилцсанаа хүргэж байна.

Цогоогийн Мөнхнасан 1975 онд Архангай аймгийн Булган суманд төрж өссөн. Айлын ууган хүү юм. 1992 онд 10-р ангиа төгсөөд,1996 онд ХААИС-ийг мал зүйч, технологич мэргэжлээр төгссөн. Тэрээр

1996- 1997 онд Булган сумын Дэл, Баянбулаг багт мал зүйч

2001-2003 онд Аймгийн Мал үржлийн албанд мэргэжилтэн, мал зүйч

2003-2005 онд Аймгийн Мал үржлийн албаны дарга

2004-2008 онд Аймгийн ИТХ-ын төлөөлөгч

2005-2010 онд Аймгийн ХХААГ-ын дарга

2010-2012 онд Улсын Мал эмнэлэг Үржлийн газарт мэргэжилтэн

2012-2013 онд Тогтвортой амьжиргаа-2 төслийн зохицуулагч

2012-2016 онд Аймгийн ИТХ-ын тэргүүлэгч, төлөөлөгч

2013 оноос Архангай аймгийн МАН-ын хорооны даргаар ажиллаж, түүний 14 жилийн чадварлаг удирдагч байсныг,  туршлага, сахилга бат, хариуцлагатай зан чанарыг аймгийн ард иргэд үнэлэн 2016 оноос Архангай аймгийн Засаг даргаар сонгожээ.

Бид хүнээ хөгжүүлж байж аймгаа хөгжүүлнэ

- Та сургуулиа төгсөж ирээд л төрийн албыг хашиж иржээ. Шат шатаар ахисаар яам, агентлагийн дарга, одоо Засаг дарга болсон байна. Энэ хугацаанд Мөнхнасан гэдэг хүн хэр өөрчлөгдсөн байна вэ?

-Төрийн ажилд ялгаа байлгүй яахав. Би анх 2001 оноос ХХААГ-ын мал эмнэлэг үржлийн албанд мэргэжилтнээр ажиллаж байгаад, 2003 оноос МЭҮАлбаны дарга, 2005-2010 хүртэл хугацаанд аймгийн ХХААГ-ын даргыг хийж байсан байна. 2010-2012 оны хооронд ХААЯ-ны мал эмнэлэг үржлийн газарт ажиллаж байгаад буцаад нутагтаа ирсэн. Анх ажилд ороход өөрийн сурсан мэргэжлийнхээ дагуу ажиллаж, сурч, харин газрын дарга болчихоор МАА, ХАА-н чиглэлээр олон талын мэдээлэл туршлагатай болдог юм байна. Яаманд ажилласан чинь нэг аймаг биш 21 аймгийн ХАА-н салбарыг хариуцна. Тэдний онцлог юм нь юу байна, судална, түүний төлөө шийдвэр гаргана гээд миний хийсэн ажил бүхэн онцлогтой байлаа.

Харин аймгийн Засаг дарга болчихсон чинь би зөвхөн хөдөө аж ахуйн хүн биш, нийгэм, эрүүл мэнд, боловсрол гээд маш өргөн хүрээг хамарч, түүнийхээ дагуу иргэддээ аль зөв, хэрэгтэй талаас нь шийдвэр гаргах нь чухал болж байгаа юм. Ингээд бодохоор энэ бүхэнд би суралцаж, дэвшиж явсан байна.

-Аймгийн Засаг дарга болсноосоо хойш ард иргэдийнхээ төлөө ямар ажлаар ажлаа эхлүүлсэн бэ? Цаашид юу хийхээр төлөвлөж байна вэ?

-Ажил авсны анхны ажил бол Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсгийг байгуулах. 2016 оны сонгуульд оролцож ард түмнээсээ итгэл хүлээж гарч ирэхэд нөлөөлсөн гол зүйл бол бидний мөрийн хөтөлбөр. Тийм ч учраас бид багаараа харуцлагатай сайн ажиллах шаардлага гарч ирсэн. Тиймдээ ч бэлэгдлээ бодож анхны ажлаа үүнээс эхлүүлсэн. Одоо 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлагдчихсан, 2017 оны үндсэн чиглэл батлагдчихсан явж байна. Цаашид дээрх бодлогын баримт бичгүүдээ барьж ажиллана. Манай Архангай аймаг бол ХАА-н аймаг. Тэр дундаа МАА-гаа хөгжлийн хөшүүргээ болгоно. Бидний барьж байгаа гол бодлого бол мал аж ахуйгаас гарч байгаа түүхий эдийг өртөг шингээж, орон нутагтаа үйлдвэрлэж, борлуулах юм. Жишээ нь, хонины нэхийг бид өлөнтэй нь 3000 төгрөгөөр өгч байгаа шүү дээ. Нэхий нь бараг үнэгүй. Тэгвэл бид энэ нэхийг анхан болон хагас боловсруулаад бүтээгдэхүүн хийж худалдах хэрэгцээ байгаа юм. Дан ганц арьс шир биш мах, сүүг ч адил өртөг шингээн үйлдвэрлэж эцсийн бүтээгдэхүүн болгох ёстой. Тэр өртөг гэдэг бол энэ нутагт үлдэж байгаа ажлын байр, бизнесийн орлого юм. Бид нэгдүгээрт ийм зорилго тавин ажиллаж байна. Үйлдвэржилтийг бий болгохоор үйлдвэржилтийн бүсийг тогтоож байна. Аймгийн газар нутгийг баруун, төв, зүүн, хойд гэсэн 4 бүс болгон хувааж, аль суманд ямар үйлдвэрлэл явуулах боломж, нөөц, дэд бүтэц, ажиллах хүч байгаа гэдгийг судалж, түүнийгээ түшиглэн үйлдвэрээ байгуулах юм. Бид эхний ээлжинд бүх сумдад суманд байх боломжтой нэхий, үслэг эдлэлийг боловсруулах жижиг үйлдвэрлэлийн цехийн тоног төхөөрөмжийг нийлүүлээд байна. Сумандаа үүгээр үйлдвэрлэл эрхлээд сайхан үстэй дээл,  машины суудлын бүрээс зэргийг хийгээд яагаад борлуулж болохгүй гэж. Бид бас мал үржлийн менежментийг, малын чанарыг сайжруулах ажил дээр анхаарлаа хандуулна. Малчид маань 2000 малаас авах ашиг шимийг 1000 малаас4 жилийн хугацаанд биш 1-2 жилийн дотор авдаг байх зорилго тавьж ажиллаж байна. Манай аймагт мах, сүүний аян нэлээд ахицтай хэрэгжихээр байгаа. Гадны хөрөнгө оруулагчидтай хамтран үйлдвэрээ барья, дараа нь эцсийн бүтээгдэхүүнээ буцаагаад гадагш нь гаргах гэсэн чиглэлээр явна.

Дараагийн дугаарт бид аймагтаа аялал жуулчлалыг хөгжүүлнэ. Байгалийн сайхан болон түүх соёлын үзэсгэлэнт газар, ахуй амьдралаа түшиглээд хөгжүүлэх боломж байна. Бид аймагтаа орон нутгийн статустай аялал жуулчлал мэдээллийн төвийг байгуулж байна. Энэ төв нь цаашдаа аялал жуулчлалын компаниудтайгаа хамтран ажиллаад ирэхээр аялал жуулчлал манай аймагт шинэ түвшинд хүрч хөгжинө гэж харж байгаа. Нөгөө талаар байгалийн үзэсгэлэнт газруудаа түшиглэж бүтээн байгуулалт, цогцолборуудыг бий болгох хэрэгтэй байгаа юм. Тухайлбал, Архангай аймаг Чулуутынхаа хавцал дээр “Шилэн гүүр”-тэй болно. Энэ мэтчилэн хийж хэрэгжүүлэх ажлууд байгаа. Энэ мэтчилэн ирэх дөрвөн жилдээ үйлдвэржилтийн болон аялал жуулчлалын хөгжлийнхөө үндэс суурийг бүрэн тавина.

-Боловсрол, эрүүл мэндийн чиглэлээр ямар ажлууд хийгдэх вэ?

-Архангай аймгийн хөгжил ерөөсөө л хүнээс эхэлнэ. Бид хүнээ хөгжүүлэх ёстой. Боловсролын салбарт багш, сурагчийг хөгжүүлэх хоёр хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Эхний ээлжинд сайн багшаас сайн шавь төрнө гэдэг үүднээс “Багшийн хөгжил” хөтөлбөрийг боловсруулах шатандаа явж байна.

Эрүүл мэндийн салбарт дутагдалтай томографи, гемодиализийн аппаратыг шат дараатай нийлүүлнэ. Эхний ээлжинд ирэх 6-р сар гэхэд аймгийн төвд хоёр гемодиализийн аппарат суурилагдана. Бид аппаратаа ажиллуулах эмч, мэргэжилтнүүдээ сургаж бэлтгэж байна.

- Зам дагаж хөгжил гэдэг...?

- Бид 2016 оны 7-р сарын 20-нд ажлаа авсан. Оны сүүлчээр аймгаа өргүй гаргаж чадсан. Аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн 2017 оны санхүүжилт 1.8 тэрбум төгрөг тавигдсан. Үүнд мал эмнэлгийн үйлчилгээний хөлс, хот тохижилтын зардлууд хамт орчихдог. Өнгөрсөн оны өр гээд 400 гаруй сая төгрөг байсныг дарж дуусгаад, 500 сая төгрөгтэй л үлдсэн. Энэ мөнгөөр таван газар шавар наагаад засвар хийгээд орхичихож болж байна. Бидний барьж байгаа гол зорилго бол Архангай аймгийн иргэдийн ажилтай орлоготой байх боломжийг бүрдүүлж өгөх юм. Тийм учраас энэ мөнгөөрөө “Архангайд үйлдвэрлэв” гэдэг худалдаа үйлчилгээний төвийг барьж эхлүүлэхээр зураг төсвийнх нь тендэр зарлагдах гэж байна. Энэ төв нь 5 давхар байхаар, сүүлийн үеийн стандартад нийцсэн, түрээс хямд төв байна. 5 давхартаа түрээсгүйгээр үйлдвэрлэлээ эрхэлдэг, үзэсгэлэнгээ гаргадаг заалтай, зардаг павильонтой, мах, ногоо, цагаан идээгээ хадгалах зоорийн давхартай байхаар тооцоолж байна. Энэ барилгыг дан ганц улсын төсвийн хөрөнгөөр барих боломжгүй юм. Төр, хувийн хэвшлийнхний оролцоотой барихаар төлөвлөж байна. Мөн баруун чиглэлийн төв замтай учраас эндээс мөнгө олох ёстой. Архангай аймагт авто тээврийн төвийг 2 жилийн хугацаатай, 3,5 тэрбум төгрөгөөр байгуулахаар эхлүүлэх гэж байна. Ийм бүтээн байгуулалтын ажлууд хийгдчихээр олон ажлын байрууд бий болно. Иргэд маань ч орлоготой болоод ирэх юм.

-Таныхаар төрийн албан хаагчид ямар байх ёстой вэ? Та ямар зарчим баримталж байна?

- Бидний ирэх 4 жилийн ажлын үр дүн хэнээс хамаарах вэ гэхээр ерөөсөө л энд ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас шалтгаална. Бид зорилго тавиад түүнийхээ төлөө шийдвэр гаргаад ажиллаж байна. Төрийн албан хаагч нар өдөр бүр иргэдтэй уулзлаг. Энэ хүмүүсийн ажилдаа ямар байгаа, хэр сахилга баттай, харьцааны соёлтой байхаас иргэд бидний ажилд үнэлэлт дүгнэлт өгнө. Бид төрийн албан хаагч нартаа хариуцлагатай, сахилга баттай байх, сэтгэлтэй хандлагатай байх гэсэн шаардлагыг л тавьж байгаа. Би ч энэ зарчмаар л ажиллана. Төрийн үнэт капитал нь туршлагатай ажилтан албан хаагчид шүү дээ.

- Та хэр удирдагч вэ?

- 2003 оноос хойш удирдах ажил хийжээ. Эхлээд байгууллага, баг удирдаж байсан бол дараа нь нам удирдлаа. Би 2000 онд МАН-д элссэн. 2005 оноос намын дэргэдэх залуучуудын байгууллагыг удирдсан байна. Ингээд бодохоор 14 жил хүн удирдаж, зохион байгуулж явжээ. Тэр үед хамт мөр зэрэгцэж явсан залуучууд маань одоо байгууллага болоод бизнесийн салбарыг мундаг удирдаж явж байна. Харин Засаг дарга гэдэг бол өдөр болгон удирдагч байж үүрэг өгөөд байхгүй аль болох боломж бололцоо бүхнийг бий болгож тэр чиглэлдээ хүмүүсээ ажиллуулж чаддаг байх ёстой. Аймгийн ЗДТГ гэдэг бол миний хамгийн том баг. Энэ багийг ажиллуулж чадаж, амжилтанд хүргэж чадаж гэмээнэ миний ажлын үр дүн юм.

- Дайсангүй баатар гэж байдаггүй гэдэг? Хэр тэвчээртэй вэ?

- Ер нь бол тэвчээр бий шүү. Амьдрал гэдэг сайнтай муутай байж хүн цаашаа хөгжиж дэвшиж чаддаг гэж боддог. Ардчилсан нам гэхээрээ хар бараан биш юм. Монгол Ардын нам, Ардчилсан нам хоёр үзэл бодлоо бий болгож, хийх зүйлээрээ өрсөлдөж байж маргаашийн Архангай хөгжих юм. Тэрнээс энэ хоёр нам аль нэгийгээ байхгүй болгох гээд байгаадаа биш юм. Би өөрөө өөрийнхөө ажлыг харах нэг толь байхгүй юу. Миний болж байгаа, болохгүй байгааг тэд шүүмжилнэ гэдэг чинь би ажлаа сайн хийхийн нэр юм. Аливаад авах гээхийн ухаанаар л хүн хандах ёстой шүү дээ.

Сайн  хөдөлмөрийн ард сайхан амьдрал байдаг 

оёулаа яриагаа таны хүүхэд ахуй цаг руу хазайлгая?

-Миний хүүхэд нас Булган суманд өнгөрсөн. Миний төрж өссөн нутаг. Миний дүү нар ч энд төрж өссөн.

-Та аав ээжийнхээ тухай дурсаж яриач?

-Миний аавыг Цогоо гэдэг. Малын эмч, ээж маань нягтлан бодогч. Суманд олон жил ажиллацгаасан хүмүүс байдаг.  Миний аав дунд оврын ХАА-н техникум төгсөөд Булган суманд малын эмчээр ажилласан байдаг. Ээж маань санхүүгийн техниккум төгсөж ирээд сумандааа ажиллаж, ингээд аав ээж хоёрын минь ажил амьдралын гараа Булган сумаас эхэлсэн юм билээ. Манай өвөө Лхамрагчаа гэж Цахир сумын хүн байсан. Олон жил туувар туусан хүн бий. Аав маань сумандаа малын эмч хийж байгаад сүүлийн 17 жил Булган сумынхаа Баянгол багийн Засаг даргаар одоог хүртэл ажиллаж байна. Аав маань бас их сайхан барилддаг. Сумандаа хөгширсөн сумын заан гэдэг шиг л. Аймгийн начин цолтой шүү. 1983 онд аймгийн 60 жилийн ойгоор барилдаж байсан юм билээ. Дараа нь 1994 онд 40 гаруй настайдаа аймгийн наадамд барилдаж аймгийн цол авсан байдаг. Манайх бөхийн удамтай. Одоо миний төрсөн дүү аймгийн начин цолтой сайхан барилддаг залуу байна.

-Харин та өөрөө барилддаг уу?

-Өө, хүүхэд байхдаа барилддаг л байсан. Оюутан болоод сургууль соёл, ажил төрөл гээд явчихсан. /инээв/

-Таны аав болон хөгшчүүлийн захиас үг юу байв?

-Миний аавын ганц захиадаг зүйл бол ноён нуруутай, хөдөлмөрч бай гэдгийг их хэлнэ. Манай өвөө, эмээ “Өөрт хавар шиг, өрөөлд намар шиг бай” гэж надад сургадаг байсан даа. Өвөө, эмээ, аав, ээжийнхээ захиасыг биелүүлж, чадах чинээгээрээ урмыг нь хугалчихгүй юмсан гэж бодож явдаг.       

-Та үр хүүхэддээ юуг сургадаг вэ?

-Сайхан амьдрал гэдэг бол ерөөсөө л хөдөлмөрийн ард байдаг. Мөнхнасангийн амьдрал гэхэд л аав маань сайхан гэр барьж, хэдэн мал тастаж өгсөн. Сайхан сургаж өгсөн байна. Тэгээд өөрийнхөө хөдөлмөрөөрөө өнөөдрийг бүтээж чадсан байна. Би хүүхдүүддээ сайхан сургаад өгье. Амьдралаа өөрсдөө бүтээгээрэй гэдэг. Тэрнээс аавыг дуурайж заавал дарга болох албагүй. Сайхан амьдрах боломж бололцоотой бүхнээ хий, тэр нь улс орондоо хэрэгтэй байх хэрэгтэй гэдгийг л хэлж байгаа.

-Та гэр бүлээ танилцуулахгүй юу?

-Би хоёр хүүтэй. Том нь ХААИС-ийн эдийн засгийн кибернетикийн ангид 3-р дамжааны оюутан. Бага нь одоо 12-р анги төгсөнө. Миний хань бага ангийн багш мэргэжилтэй. Одоо лаборатори 1-р сургуульд ажиллаж байна. Миний өдий зэрэгтэй явж байгаа нь эхнэрийн маань ач шүү. Даан ч ар гэртээ зарцуулдаг цаг нь бага юм даа.

-Гэр орны ажлаас нэлээн хөндийрч дээ?

-Тийм ээ. Анх мэргэжилтэн байх үед бол гэрэл цахилгаан, түлээ түлшээ зохицуулаад байдаг байлаа. Тэгсэн 2003 оноос удирдах ажил эрхэлснээс хойш зөвхөн цалингаа л өгдөг болсон байна шүү. Анх бид хоёр гэрт амьдарч байлаа. Тэгээд нэг байшинтай болох санаатай байшингийнхаа модыг бусад хэрэгтэй юмнуудтай нь нэг жил цуглууллаа. Тэгсэн 2003 оны 5-р сард мал эмнэлэг үржлийн албаны дарга болж, үржлийн албыг бэхжүүлэх гээд л хөдөөгүүр явдаг их ажилтай болов оо. Нөгөө байшингаа хаясан. /инээв/ Манай эхнэр л байшингаа барина гэж зүтгэсээр байгаад барьсан юм даа. Эндээс эхлээд л ар гэрийн ажлыг эхнэр маань авч явсны хүчинд би ийм өндөрлөгт хүрсэн дээ.

-Эхнэртэйгээ хаана танилцсан юм бэ?

-Бид хоёр Тариат сумын 10 жилд нэг ангид байсан. Хүүхдүүд холбож дооглоно /инээв/. Тэгж байгаад сургуулиа төгсөөд гэр бүл болсон.

-Эхнэр, гэр бүлдээ хамгийн сүүлд хэзээ хоол хийж өгсөн байна вэ?

-Хэзээ юм бол оо. Их хугацаа өнгөрсөн байна аа. Санадаггүй ээ. /инээв/

-Танд чөлөөт цаг хэр гарч байна. Чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?

-Одоо чөлөөт цаг бараг гарахгүй болж дээ. Хэрэв гарвал гэр бүлдээ л цагаа зарцуулна. Бас байгалийн сайханд салхинд гарах их дуртай шүү.

-Та ямар хоол хийх, идэх дуртай юм бэ?

-Би нэг их олон хоол хийдэггүй ээ. Улаан сонгиноор амталсан сайхан монгол лапша хийж иднэ дээ. Ногоо, амтлагч байхгүй эко хоол шүү дээ.

-Таны хобби?

-Би чинь картын барааны хүүхэд байхгүй юу /инээв/. Аав маань гэр бүлээ тэжээхийн тулд олон юм хийдэг байлаа.  Тэрний нэг нь тарваганы гэрээ хийж тушаадаг байлаа. Би ч тарваганд хамт явна. Тэрийгээ дагаад ч тэрүү анд дуртай шүү. Одоо ч явж чадахаа байсан байна. Ан гэдэг чинь гоё шүү. Хацар час хийсэн хүйтэн өдөр сууринд суугаад аливаа зүйлийг бодож суухад сайхан байдаг шүү. Тэгээд найз нөхөдтэйгээ хөгжилдөх нь бас л сайхан.

-Найз гэснээс таны хувьд найз гэж хэн бэ?

-Танил найзын хүрээ их нэмэгдэж байгаа. Хүн уулзах хүнтэйгээ уулзаж, уулзахгүй хүнтэйгээ уулзахгүй гэдэг дээ. Хамгийн сайхан нөхөрлөл бол 10 жилийн нөхөрлөл юм. Тэгээд оюутан цагийнх гээд сайхан нөхөрлөлүүд бий. Бие биенийгээ ойлгож, сэтгэлээсээ хандаж нөхөрлөдөг хүмүүс ямагт бат бэх найзууд л байна шүү дээ.

-Та хэр шүтлэгтэй хүн бэ? Уул усаа шүтэж явдаг хүмүүс олон байдаг шүү дээ?

-Би шүтлэгтэй. Жилдээ засал номоо хийлгэчихдэг. Ер нь багаасаа л нутаг устайгаа ойр шүтэлцэж амьдарч ирсэн байна. Би Суварга хайрханы ард төрсөн хүүхэд дээ. Ажил амьдралаа бодож сүү цагаан идээгээ өргөдөг. Манай өвөг дээдсийн шүтэж ирсэн уул ус бол Цахир сумын нутагт байгаа Гэсэр лам, аграмба Санжаажав нарын бунхан шүтээн юм билээ. Бас Очир хайрхан байна. Энэ бүх уул усандаа залбирч идээ будаагаа өргөөд явж байна даа.

- Та харин аятайхан дуулчихдаг юм билээ дээ?

-/инээв/. Өөртөө тохируулаад дуулна аа дуулна.

-Ярилцлага өгсөнд баярлалаа. Ажлын амжилт хүсье.

 

Б.Гэрэлт-Од

 

 

Холбоотой мэдээ