Энэтхэгийн элчин сайд Увсад ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2017-03-27 19:03:19

Увс /МОНЦАМЭ/ Увс аймгийн Засаг даргын урилгаар Бүгд найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Суреш Бабу тус аймагт хоёр өдрийн айлчлал хийж байна.

Аймгийн Засаг дарга Д.Батсайхан элчин сайдтай уулзах үеэрээ хоёр улсын түүх, соёлын талаар болон өмнө нь аймгийн ИТХ-ын дарга байхдаа Энэтхэг улстай эхлүүлсэн харилцаа, хамтын ажиллагаагаа бэхжүүлж, өргөжүүлэх тухай ярилаа. Мөн Увс аймгаас олон тооны залуу боловсон хүчин, шинээр төгссөн оюутан, сурагчдыг Энэтхэг улсад сургахад дэмжлэг үзүүлж хамтран ажиллах талаар харилцан тохиролцлоо. Аймгийн Засаг даргын тавьсан хүсэлтийн дагуу жил бүр Энэтхэг улсын Засгийн газраас 10 тэтгэлэгт хөтөлбөрийг зөвхөн Увс аймагт хэрэгжүүлэхээр хүлээн зөвшөөрч, төрийн албан хаагчдыг нэн тэргүүнд хамруулахаар болсон юм.

Бүгд найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Суреш Бабу өөрийг нь Увс аймагт урьж халуун дотноор хүлээж авсанд талархал илэрхийлж, Увс аймгийн ард иргэдэд аз жаргал эрүүл энхийг хүсэв.

Б.Батхүү

Холбоотой мэдээ