Зарим газрын машин техникийг дайчлан ажиллуулахаар боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-03-22 18:11:12

Баянхонгор /МОНЦАМЭ/. Одоогийн байдлаар Баянхонгор суманд үргэлжлэн орсон цасны хэмжээ 30 орчим см болоод байна.

Үргэлжлэн орж байгаа их цасны улмаас Эрдэнэцогт, Шаргалжуут зэрэг зарим сумдын чиглэлд мал бэлчээрлэх боломжгүй болж, тээврийн хэрэгсэл явж болохгүй байгаа бол өнгөрөгч орой Гурванбулаг сумаас гарсан бага насны хоёр хүүхэд бүхий 4 хүнтэй приус маркын автомашин сураггүй болсон, улсын чанартай замууд хаагдсан, сумдын замын хөдөлгөөн хязгаарлагдсан зэрэг нөхцөл байдал Баянхонгор аймагт үүсээд байгаа юм.

Үүссэн нөхцөл байдлын улмаас аймгийн Онцгой комисс хуралдаж, “Их Богд Зам” ХХК, Барилга инженерийн 339 дугаар ангийн машин техник хүн хүчийг дайчлан аймгийн төвийн болон улсын чанартай замуудыг хусаж цэвэрлэн зам гаргах, шаардлагатай тохиолдолд замд боогдсон тээврийн хэрэгслүүдийн зорчигч, иргэд, малчдын амь нас аврах, өвс тэжээл хүргэхэд машин техникийн бүрэн бүтэн бэлэн байдлыг хангах, алга болсон иргэдийг олох эрлийн хэсгийг гаргах Эрдэнэцогт, Шаргалжуут, Баянхонгор сумын зарим багийн малчин өрхүүдэд өвс тэжээл хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

                                                                                                           Б.Мөнхзул

Холбоотой мэдээ