Зарлан мэдээллийн дохиогоор төв талбайдаа цуглана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-03-21 17:09:36

Баянхонгор /МОНЦАМЭ/. Монгол улсын Засгийн газрын тогтоолоор жил бүрийн 3 дугаар сарын 4 дах долоо хонгийн Лхагва гарагт "Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр" болгон зарласан. Энэ хүрээнд Баянхонгор аймгийн төв талбайд иргэд цуглах ёстой бөгөөд хүн нэг бүрийн аранзанд байх эд зүйлээ бэлдэн, бэлэн байдлаа хангаж идэвхтэй оролцохыг аймгийн Онцгой байдлын газраас уриаллаа.

Дэлхий дахинд тохиолдож буй байгалийн аюулт үзэгдлээс газар хөдлөлт нь урьдчилан таамаглах боломжгүй, гэнэт богино хугацаанд тохиолдож, хүний амь нас, эрүүл мэнд, нийгэм, эдийн засаг, хүрээлэн буй орчинд их хэмжээний хохирол учруулж, үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх гамшиг юм. Манай орны нийт нутаг дэвсгэрийн 55.4 хувь нь газар хөдлөлийн 7-8 баллын ангилалд, 9 ба түүнээс дээш баллын ангилалд 19.6 хувь нь хамрагдаж байна.

Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрийн хувьд газар хөдлөлийн идэвхижил хамгийн өндөртэй Говь-Алтайн нуруугаар зааглагдан оршдог. Мэдэгдэм хүчтэй газар хөдлөлт 90 гаруй болсоноос магнитуд нь 7 ба түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт 2 удаа болсон нь Говь-Алтайн болон Баянцагааны газар хөдлөлт байдаг аж.
                                                                                                                        Б.Мөнхзул

Холбоотой мэдээ