Байгал нуурын ус багассан нь Азийн уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой

Дэлхийд | Байгаль орчин
jargal@montsame.mn
2015-10-21 17:09:33

ВЛАДИВОСТОК. /TASS/. Байгал нуурын усны түвшин буурсан нь хур тунадасны хэмжээ багасч, агаарын температур нэмэгдэхэд хүргэсэн Азийн бүс нутгийн уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой. Судалгааны ийм үр дүнг Оросын Шинжлэх ухааны академийн Алс Дорнодын салбарын Номхон далай судлалын хүрээлэнгийн эрдэмтэд академич Владимир Касьяновын дурсгалд зориулж, Владивостокт зохион байгуулсан эрдэм шинжилгээний бага хурлын үеэр танилцуулжээ.

“Ази-Номхон далайн бүс нутаг дахь орчин үеийн уур амьсгалын тогтолцоо Азийн сэрүүн өргөргийн эх газрын бүс нутагт, тухайлбал, Сибирийн зүүн болон төвийн нутагт, Байгал нуурын бүс нутагт зуны улиралд ихээхэн дулаарч, жилийн хур тунадасны хэмжээ буурсныг харуулж байна” гэж Оросын ШУА-ийн Алс Дорнодын салбарын тэргүүлэгчид хэлсэн байна.

Хүний буруутай үйлдлийн улмаас сүүлийн жилүүдэд Байгал нуурын бүс нутагт, Монгол, Буриад зэрэг улсад хур тунадас орох нь багасч, улмаар Байгалд цутгадаг Сэлэнгэ мөрний усны түвшнийг эрс буурахад хүргэсэн нь уг хосгүй нуурын ус татрахад хүргэжээ. Сэлэнгэ мөрөн нь Байгалын усны 50 хувийг бүрдүүлдэг байна.

Энэ жил Буриадад их хэмжээний талбайг хамарсан ойн түймэр дэгдсэн нь байдлыг улам дордуулжээ. Түймэр их хэмжээний талбайд тархсаны улмаас бүс нутагт агаарын температур урьд өмнө байгаагүйгээр халж, Сэлэнгэ мөрний сав газарт ууршилт их хэмжээгээр явагдахад хүргэжээ. Түүнчлэн Монголын нутаг дэвсгэрт явуулж буй хөдөө аж ахуйн үйл ажиллагаа Сэлэнгийн усны түвшнийг бууруулж байгаа аж.

Д.Жаргал

Холбоотой мэдээ