Бэлтгэлийн байрнаас зөвшөөрөлгүй гарсан тамирчид бусдад зодуулсан хэрэг гарчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар / МОНЦАМЭ/.Боксын спортын ОУХМ, "Рио 2016" зуны олимпын наадмын тавдугаар байрын шагналт Э.Цэндбаатар бусдад зодуулж, Гэмтэл согог, судлалын үндэсний төвд хүргэгдсэн хэрэг гарчээ.
Өнгөрөгч бямба гаригт буюу энэ сарын 18-19-нд шилжих шөнө Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт буюу “UB Palace”-ийн ойролцоо тамирчдыг хэсэг бүлэг хүмүүс зодож, машинаар хөөж гэмтээсэн байна
Боксчдод халдсан хүмүүсийг олж, саатуулсан ба гэмт этгээдүүд "Хүн андуурсан" гэж Цагдаагийнханд мэдүүлжээ. Э.Цэндбаатар, Х.Энх-Амар, Г.Баярхүү, Ц.Жамъяанбат, Д.Давааням, О.Бямба-Эрдэнэ нар "Хандгайт" дахь бэлтгэлийн төвд цугларалтад гарсан байсан ч бэлтгэлийн байрнаас зөвшөөрөлгүй гарч, ийм хэрэгт холбогдсон аж. Болсон явдалтай холбогдуулан БТСГ-ын Үндэсний шигшээ багийн алба, Монголын боксын холбооноос дээрх зургаан тамирчныг Хандгайт дахь цугларалтаас буулгаж, хоёр долоо хоногийн бэлтгэлд зориулагдсан төлбөрийг /Өдрийн 60 мянган төгрөг/ нөхөн төлүүлэх шийдвэр гаргажээ. Мөн Үндэсний шигшээ багийн тамирчин Э.Цэндбаатар, Х.Энх-Амар, Г.Баярхүү нарыг шигшээ багаас зургаан сарын хугацаатай буюу гуравдугаар сарын 20-ноос есдүгээр сарын 20-ныг хүртэл чөлөөлж, улсын зардлаар тэмцээнд оролцох эрхийг хасчээ.
Ж.Батсайхан