“Эрт илрүүлж, эрүүл мэндээ дэмжье” аян зохион байгуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙАрхангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Чулуут сумын эрүүл мэндийн төв нь “Эрт илрүүлж эрүүл мэндээ дэмжье” аяны хүрээнд байгууллагаа сурталчлах зорилгоор тав хоногийн эрт илрүүлэг үзлэг хийж дуусчээ.
Аяныхаа хүрээнд сумын таван багийнхаа иргэдэд хүүхэд, эмэгтэйчүүд, дотор, ЭХО, лабораторийн шинжилгээ, зүрхний цахилгаан бичлэг, ЭМД-ын хөнгөлөлттэй эмийн үйлчилгээ, эрүүл мэндийн даатгалын мэдээлэл сурталчилгаа хийж, үзлэг явуулсан байна. Энэ сарын 13-17-ны хооронд явуулсан энэхүү эрүүл мэндийн үзлэгээр нийтдээ 1000 гаруй иргэнийг эрт илрүүлэг үзлэг шинжилгээнд хамруулж, дотор болон эмэгтэйчүүдийн чиглэлээр хавдар байж болзошгүй 7 хүнийг эрүүл мэндийн 2 буюу 3-р шатлалын эмнэлэг рүү шилжүүлжээ.
Сумын эрүүл мэндийн төвөөөс санаачлан явуулдаг эрт илрүүлэг үзлэгийг энэ жил 3 дахь жилдээ явуулж байгаа бөгөөд жил ирэх тусам үзлэг, шинжилгээнд хамрагдах иргэдийн тоо өсч, тэр хэрээрээ дөнгөж үүсч буй хавдруудыг илрүүлж аймаг хотын эмнэлэг рүү шилжүүлдэг болжээ. Ийм ч учраас тэдгээр хүмүүс эрт эмчилгээнд орж, эдгэрэлт нь ч үр дүнтэй болдог гэдгийг тус эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмч Ё.Дуламсүрэн хэлж байна.
Б.Гэрэлт-Од