Гамшгаас хамгаалах дадлага, сургуулилт хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-03-18 18:29:16

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайд, Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн дарга У.Хүрэлсүхийн санаачилгаар 2017 оныг “Газар хөдлөлтөд тэсвэртэй, аюулгүй орчин бий болгох” жил болгох үндэсний хөдөлгөөнийг эхлүүллээ.

Энэхүү үндэсний хөдөлгөөнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн лхагва гарагийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр" болгох шийдвэр гарсан байна.

Энэхүү шийдвэрийн хүрээнд Сэлэнгэ аймгийн ОБГ-аас аймгийн хэмжээнд гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургуулийг энэ сарын 23-ны өдрийн 16:00 цагт зохион байгуулахаар бүх нийтэд зарлаад байна. Эл өдөр гамшгаас хамгаалах албад, ААН, байгууллага, сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдэд газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлаа хангах чиглэлээр аймгийн ОБГ-аас сургалт, дадлагажилт зохион байгуулах юм. Түүнчлэн энэ өдөр Гамшгаас хамгаалах тухай шинэчлэн батлагдсан хуулийг сурталчлахын зэрэгцээ аймгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнийг гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллуулж, бэлэн байдлыг нь шалган үнэлэлт өгөх аж.

Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ