Шүүхийн аюулгүй байдлыг хангах үзүүлэх сургалт Дорноговь аймагт эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2017-03-16 13:35:52

 Улаанбаатар / МОНЦАМЭ/.  Шүүхийн тамгын газрын дарга нарт зориулсан "Шүүгч, шүүхийн аюулгүй байдлыг хангах нь” сэдэвт үзүүлэх сургалт өнөөдөр Дорноговь аймаг дахь шүүхийн тамгын газарт эхэллээ.

Монгол Улсын нийт шүүхийн тамгын газрын дарга нар энэ сарын 13-15-нд Удирдлагын академийн Харвардын сургалтын танхимд байгууллагыг удирдах, зохион байгуулах, үйл ажиллагааг төлөвлөх, үр дүнг тооцох, шийдвэрээ хууль зүйн үндэслэлтэй гаргахад чиглэсэн сургалтад хамрагдаж төрийн удирдлагаар мэргэшсэн. Тус сургалт  16-17-ны өдрүүдэд Дорноговь аймагт "Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах нь” сэдэвт үзүүлэх сургалтаар үргэлжилж, шүүхийн тамгын газраас туршлага судлах юм.  Сургалтыг Шүүхийн ерөнхий зөвлөл, Дорноговь аймаг дахь Шүүхийн тамгын газар, Цагдаагийн ерөнхий газрын Шүүхийн хараат бус байдлыг хангах хэлтэс, Дорноговь аймгийн цагдаагийн газрын шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэсэг, Онцгой байдлын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба хамтран зохион байгуулж байна. Дорноговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг үзүүлэх сургалтыг хамтран зохион байгуулж байгаа байгууллагуудад талархал илэрхийлээд, шүүхийн шинэтгэлийн хүрээнд шүүгч, шүүхийн аюулгүй байдлыг хуульчилж өгсөн нь ололт гэдгийг онцоллоо. Энэ удаагийн сургалт шүүгч, шүүхийн аюулгүй байдлыг хангах онол, практикийн мэдлэгийг дээшлүүлж байгаа ач холбогдлыг дурдлаа.

Шүүхийн байранд "гал гарвал” яах вэ?  Үзүүлэх сургалт Дорноговь аймаг дахь шүүхийн байранд "гал” гарснаар эхэллээ. Тус шүүхийн шүүх хуралдааны танхимын хэсэгт "гал” гарч, барилгын 1, 2 дугаар давхар тэр чигтээ утаатай болов. Шүүхийн мэдээлэл хариуцсан мэргэжилтэн түгшүүрийн дохио дуугаргаж, Онцгой байдлын газрын гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн утсанд дуудлага өгөв. Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн гал унтраах удирдагч Онцгой байдлын ахмад Х.Отгонбат 1 дүгээр тасгийн бие бүрэлдэхүүн хамт ирэхэд шүүхийн тамгын газрын мэргэжилтэн нөхцөл байдлыг танилцуулав. Энэ үеэр шүүх, шүүхийн захиргааны ажилтнууд эд мөрийн баримт, сервер зэрэг шаардлагатай баримтуудаа авч, аврах хаалгаар гарч ирлээ. Тэд баримтаа цагдаагийн байгууллагад, химийн бодистой эд мөрийн баримтыг онцгой байдлын газарт хүлээлгэн өгсөн юм. Сургалт, үзүүлэх  дадлага үргэлжилж байна гэж ШЕЗ-өөс мэдээллээ.

Ж.Батсайхан

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Холбоотой мэдээ