“Улыбка” чуулга олон улсын эрдэм шинжилгээний хуралд уригджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2017-03-16 11:02:44

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Чулуунхороот сумын дунд сургуулийн дэргэдэх “Улыбка” чуулгын багш, сурагчдыг олон улсын эрдэм шинжилгээний хуралд урьжээ. Чуулгын багш Б.Болормаа энэ үеэр хүүхдүүдийн авьяасыг хэрхэн нээж хөгжүүлсэн талаараа илтгэл тавьж, сурагчид тайлан тоглолтоо оролцогчдод сонирхуулах юм. "Улыбка" чуулга дээрх  тус хуралд 40 сурагч, 5 багшийн бүрэлдэхүүнтэй оролцоно. 

Хурлыг Оросын шинжлэх ухаан, соёлын төв,  Хилийн чанад дахь орос хэлний боловсролын “Русский фонд” төв, Плехановын нэрэмжит Эдийн засгийн их сургуулиас хамтран зохион байгуулж байгаа. Энэхүү эрдэм шинжилгээний хуралд 17 их дээд сургууль, 3 орос сургууль оролцохоос гадна Монгол Улсын ердийн сургалттай ЕБС-иудаас зөвхөн тус сургууль урилгаар оролцох гэж байна. 

Сонирхуулахад, “Улыбка”-гийн хүүхдүүд Олон улсын “Найрамдал” төвийн “Хараацай” театрт тоглолтоо хийж, МҮОНТ-ийн 600-гийн их студид бичлэгт орж бүрэн хэмжээний тоглолтоо орон даяар цацсан нь Дорнодын хүүхдүүдийн авъяас билгийг орон даяар харуулсан явдал болсон юм. Хамтлагийн хүүхдүүд өөрийн аймаг хотдоо төдийгүй хөрш зэргэлдээ ОХУ-ын Соловъёвск тосгон, ОХУ-ын Чита хотод Ялалтын баярын хүндэтгэлийн арга хэмжээ, “Сэлэнгэ-2014” Олон улсын хээрийн сургуулилтад тоглолтоо хийж, Монгол хүүхдийн авъяас чадварыг өндөрт өргөж ирсэн билээ.  

“Улыбка” хамтлаг нь 2012 онд тус сумын сургуулийн химийн багш Б.Болормаагийн санаачлагаар 60 хүүхдийн бүрэлдэхүүнтэй байгуулагдаж байсан юм.

Б.Туяа

Холбоотой мэдээ