Сүрьеэтэй тэмцэхэд нэгдсэн бодлоготой ажиллахыг чухалчлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-03-15 23:27:03

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сүүлийн жилүүдэд Сэлэнгэ аймаг сүрьеэгийн өвчлөлөөрөө улсын хэмжээнд эхний байрт жагсаж онцгой анхаарал татдаг буй аймгийн нэгээр тодроод байгаа юм. Мөн энэхүү сүрьеэ өвчин Монгол Улсын хэмжээнд нас баралтын шалтгаант өвчлөлийн нэгдүгээрт орж байгааг мэргэжлийн хүмүүс хэлж байна.

Ийм учраас Сэлэнгэ аймгийн хэмжээнд "Сүрьеэгүй Сэлэнгэ" хөтөлбөрийг аймгийн ИТХ-аараа батлуулан хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа. Энэ зорилтыг дэмжиж, Глобал сангийн дэмжлэгтэйгээр АУ-ны магистр, клиникийн профессор, Монголын сумын эмч мэргэжилтнүүдийн холбооны тэргүүн Ц.Ганхүү, ХӨСҮТ-ийн СТСА-ны хяналтын эмч Д.Мөнхжаргал, АУ-ны магистр, клиникийн профессор Б.Сонинхүү нар "Сүрьеэгүй ирээдүйн төлөө хамтдаа" сэдэвт сургалт, хэлэлцүүлгийг өнөөдөр буюу 15-ны өдөр Сэлэнгэ аймагт зохион байгууллаа. Энэхүү сургалт, хэлэлцүүлгийн гол онцлог нь зөвхөн салбарынхныг хамруулахаас гадна сум тосгодын засаг дарга нарыг хамруулж, нэгдсэн бодлоготой ажиллахыг чухалчилж буйгаараа онцлогтой боллоо.  

Энэхүү сургалт хэлэлцүүлэгт аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаа, Засаг даргын орлогч Б.Нарантуяа, ЭМГ-ын дарга Ж.Од, Монголын сумын эмч, мэргэжилтнүүдийн холбооны тэргүүн Ц.Ганхүү болон 17 сумын Засаг дарга нар, эрүүл мэндийн төвийн эрхлэгч, мэргэжилтнүүд хамрагдлаа. Хэлэлцүүлгийн эхэнд аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаа, ”төрөх эх, 0-5 насны хүүхэд, бэлгийн замаар халдварлах өвчин, сүрьеэгийн өвчлөл гэсэн дөрвөн гол зүйлд онцгойлон анхаарч ажиллах”-ыг сумдын дарга нарт анхаарууллаа. Монголын сумын эмч, мэргэжилтнүүдийн холбооны тэргүүн, АУ-ны магистр, Клиникийн профессор Ц.Ганхүү Сэлэнгэ аймаг хүн амын дундах сүрьеэ, бэлгийн замаар дамжих халдварын өвчлөл, тархалтыг бууруулах талаар авах арга хэмжээг аймгийн ИТХ-ын тогтоолоор баталгаажуулсан нь том давуу тал болсныг энэ үеэр онцлон тэмдэглэлээ.

Сургалт, хэлэлцүүлгээр АУ-ны магистр, Клиникийн профессор, МСЭМХ-ны тэргүүн Ц.Ганхүү, АУ-ны магистр, ХӨСҮТ-ийн СТСА-ны хяналтын эмч Д.Мөнхжаргал, АУ-ны магистр, Клиникийн профессор, МСЭМХ-ны мэргэжилтэн Б.Сонинхүү, Сэлэнгэ аймгийн ЭМГ-ын дарга, Клиникийн профессор Ж.Од нар дэлхий дахин болон монголын сүрьеэгийн өнөөгийн байдал, цаашид анхаарах асуудлууд, сүрьеэ өвчнөөр өвчлөгсдийн гэр бүл, хамт олны анхаарах асуудал, Сэлэнгэ аймгийн сүрьеэгийн өвчлөл, хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашдын зорилтын талаар мэдээлэл хийж, харилцан ярилцаж, санал бодлоо солилцлоо.

Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ