“Халуун сэтгэл” төсөлд 18 иргэн хамрагдав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2017-03-13 16:04:17

Дорнод /МОНЦАМЭ/. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хөдөлмөр засал зайлшгүй шаардлагатай байдаг учир Дорнод Их сургуулийн багш оюутнууд санаачлан “Халуун сэтгэл” төслийг хэрэгжүүллээ. Тэд БОЭТ-ийн Нөхөн сэргээх төвтэй хамтарсан байна.

Төсөлд Хэрлэн сумын 10-р багийн 18 ХБИ-ийг хамруулжээ. Тухайлбал, иргэн Н нь төрөлхийн хараагүй, бие бялдрын буруу хөгжил, ясны сийрэгжилттэй, явж, бие засах, өөрийгөө илэрхийлэх чадваргүй байсан юм. Харин “Халуун сэтгэл” төслийн хөдөлмөр заслын эмчилгээнд хамрагдсанаар өөрт хэрэгтэй байгаа зүйлээ зургаар илэрхийлж, сонсох чадвар нь дээшилсэн, нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж, баррель үсгийн багшаар анхан шатны хичээл заалгасан гээд амьдралдаа багагүй өөрчлөлт хийж чадсан байна.    

Хөгжлийн бэрхшээлтэй болсон л бол нийгмийн амьдралаас тусгаарлагдах хандлага давамгайлдаг, улмаар идэвхгүй, удаан хугацаагаар ганцаардмал байснаар бусад эрхтэний хөгжил нь ч дагаад суларч эхэлдэг гэдгийг мэргэжлийн эмч нар энэ үеэр хэлж байсан юм. Тийм учраас нэг сарын хугацаанд үзүүлсэн дээрх үйлчилгээг гэр бүл, асран хамгаалагчид нь цаашид гэрээрээ хийх боломжтой гэж үзэж, тэднийг ч мөн адил сургалтад хамруулж байна.

Б.Туяа

Холбоотой мэдээ