"Ахмадаа дээдлэх жил"-ийн нээлт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-03-13 11:15:57

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн ИТХ-аас 2017 оныг “Ахмадаа дээдлэх жил” болгон зарласан. Энэ хүрээнд сум бүр зорилтот жилийн нээлтийг хийж, үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлж байгаа юм.

Хужирт сумаас “Ахмадаа дээдлэх жил”-ийн нээлтийн арга хэмжээг зохион байгуулж, сумын ахмадуудад мэдээлэл өглөө. Тус суманд 600 гаруй ахмад настан амьдардаг бөгөөд тэдний ажил амьдралын арвин туршлагыг хуваалцах, ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх, нийгмийн ахуй амьдралын олон асуудлыг шийдвэрлэхээр 2 зорилт, 22 арга хэмжээ бүхий ажлыг төлөвлөн хэрэгжүүлэхээр болоо хэмээн сумын Засаг дарга н.Лхагвасүрэн нээлтийн үеэр онцлон хэллээ.

Тухайлбал “Хүндэтгэл бахархлын аян”-ыг өрнүүлж, Хужирт суманд үйл ажиллагаа явуулдаг 22 аж ахуйн нэгжид аяны тугийг гардуулах ба ахмадад ээлтэй байгууллага, аж ахуйн нэгжийг шалгаруулах юм. Мөн ахмад настны талаар судалгаа мэдээллийн санг баяжуулж, амьжиргааны түвшин доогуур, асран хамгаалах үр хүүхэдгүй ахмадуудыг орон нутгийн рашаан сувилалд амраах, хөгжлийн бэрхшээлтэй, хүнд өвчтэй ахмадуудад явуулын эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх, асран хамгаалагч нарт сургалт зөвлөгөө өгөх, үйлчилгээний байгууллагуудад ахмадуудыг дараалалгүй үйлчлэх, “Дуулах өдөр” дуун цэнгүүнийг сар бүр зохион байгуулж ахмадуудын авъяас чадварыг хөгжүүлэх, амьдрал ахуй нэн хүнд ахмадуудыг сумын аж ахуйн нэгжүүдэд хуваарилан өгч тусламж дэмжлэг үзүүлэх, ахмадуудын дунд шинэ санаа, шилдэг бүтээлийн уралдаан зарлаж, шалгарсан бүтээлүүдээр үзэсгэлэн гаргаж сурталчлах зэрэг олон ажлыг хэрэгжүүлэх аж.
Ахмадуудын дунд мөнгөн орлого байхгүй, тэтгэвэр нь амьжиргаанд хүрдэггүй, ая тухтай амьдрах орчин алдагдсан, эрүүл мэндийн үйлчилгээнд бүрэн хамрагдаж чаддаггүй болон хүнд өвчний улмаас байнга эмчилгээ хийлгэж байдаг, ганцаардах зэрэг олон асуудал тулгамдаж байгааг сумын ахмадууд хэлж байв.
Арга хэмжээний үеэр аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж, ХХААХҮЯ-ны ЖДҮХоршооны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Дондогдорж нар төр засаг, аймгаас ахмадуудад зориулан авч хэрэгжүүлж буй бодлого шийдвэр, түүний хэрэгжилтийн талаар мэдээлэл өгсөн юм.

Б.Батчимэг

Холбоотой мэдээ