Шүлхийн вакцинжуулалт 62.9 хувийн явцтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДДорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймагт малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулж урьдчилан сэргийлэх вакцинжуулалтыг цаг алдалгүй эхлүүлснээр 62.9 хувийн явцтай байна. Тус аймгийн хэмжээнд 14 сумын 997,4 мянган толгой мал хамрагдахаас 627.5 мянган малыг вакцинжуулжээ.
Энэтхэг улсад үйлдвэрлэсэн 3 цэнт вакциныг 4 удаа 1,3 тн хэмжээтэйгээр татан авсныгаа Матад, Хөлөнбуйр, Баянтүмэн, Булган, Халхгол, Цагаан-Овоо, Баян-Уул, Хэрлэн сумын дархлаажуулалтад зарцуулсан гэж аймгийн онцгой комиссоос мэдээлэв. Одоогоор Баяндун, Дашбалбар сумын 26,8 мянган толгой үхэр, Чойбалсан, Чулуунхороот, Гурванзагал, Сэргэлэн сумын 283,9 мянган толгой мэдрэмтгий бүх малыг дархлаажуулалтанд хамруулахаар ажиллаж байгаа юм. Вакцинжуулалтыг явуулахын тулд 56 ажлын хэсэгт 58 авто машин, малын эмч 70, туслах ажилтан 112 хүн хүч ажиллаж байна.
Харин Баян-Уул, Баяндун, Цагаан-Овоо, Дашбалбар сумын 1383 толгой тэмээ, 323620 хонь, 175451 толгой ямаанд 501,8 литр вакцин шаардлагатай байгаа гэв.
Б.Туяа