Тарьсан ногоогоо малаар сольдог

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-03-11 23:52:20

Дундговь/МОНЦАМЭ/ Тарьж ургуулсан төмс ногоогоо малаар сольж худалддаг талаар Дэлгэрхангай сумын 4-р багийн иргэн Х. Базарсүх ярилаа.

Тэрээр 2 га газрын нэг га- д мод тарьсан бол үлдсэнд нь төмс, хүнсний ногоо тарьж, өрхийн тариалан эрхэлдэг. Сумын агентаар ажиллаж байхдаа 1982 оноос эхлэн хашаандаа төмс, ногоо тарьж ургуулдаг байсан туршлагаараа өдийг хүртэл өрхийн тариалан эрхэлсээр яваагаа сонирхуулсан юм.  Жилд 6- 7 тонн ургац хураан авдаг байна.  

Говийн нөхцөлд төмс, хүнсний ногоо тарина гэдэг хангайд тарьснаас хоёр дахин илүү арчилгаа тордолгоо шаарддаг, хялбаргүй ажил. Ингээд тооцоход нэг кг төмсийг багаар бодоход л 1000 төгрөгөөр худалдахаар байдаг юм. Гэтэл Сэлэнгэд тарьсан гээд кг нь 600- 700 төгрөгийн үнэтэй төмсийг орон нутагт авчирч намрын турш худалдана. Энэ нь бидэнд багагүй бэрхшээл учруулдаг учраас тарьсан ногоогоо малчдад малаар сольж худалдах нь зөв арга гэж сонгосон гэж Х. Базарсүх ярьж байна. Малчдад бэлэн мөнгө байдаггүй учраас энэ нь ч бас тэдэнд нийцдэг ажээ. Ургац хураангаа ингэж худалдахад ургац хурааж дуусахтай зэрэгцэн ногоо ч борлогдож дуусдаг гэнэ.

Түүний тарьсан ногоог хүүхдийн цэцэрлэг, хүн эмнэлэг, сургууль авдаг. Ургацаасаа ирэх жилийн үрийн ногоо болон өрхийн хэрэгцээний ногоогоо авч үлдээд бусдыг нь орон нутагтаа ийнхүү борлуулдаг гэлээ.

Т. Отгонтуяа 

 

Холбоотой мэдээ