Ноос, ноолуур угаах үйлдвэр 200 гаруй ажлын байр бий болгоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДундговь/МОНЦАМЭ/ Ноос, ноолуур угааж боловсруулах үйлдвэр Мандалговь хотод үйл ажиллагаагаа эхлэхээр зэхэж байна. 500 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Их Онь” ХХК эл үйлдвэрийг байгуулжээ.
1995 оноос эхлэн малын түүхий эд худалдан авч зах зээлд нийлүүлэн бизнес эрхэлж ирсэн хэсэг залуус хамтран 2012 онд “Их Онь” ХХК- ийг үүсгэн байгуулсан байна. “Түүхий эдийн бэлтгэн нийлүүлэгч болж хориод жил ажиллалаа. Харин одоо гадагш ингэж түүхий эдийг зөөх биш боловсруулах үйлдвэрлэгч нь болох хэрэгтэй гэдэг үүднээс хэсэг нөхдөөрөө хамтран хөрөнгө босгож үйлдвэрээ барьсан. 500 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Үүний 70 саяыг нь сум хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээлээр авч, бусдыг нь өөрсдийн хүчээр буй болгосон” гэж компанийн захирал Ч. Ихбаяр хэллээ.
Ноос, ноолуур угаах үйлдвэр үйл ажиллагаагаа эхлэхэд бэлэн болсон байна. Одоо гагцхүү ажиллах хүч шаардагдаж байгаа тул орон нутгийн телевизээр ажлын байр зарлан иргэдийг бүртгэж эхэлжээ.
Тус компани үйлдвэрээ ашиглалтад оруулснаар 30- 40 байнгын ажлын байр бий болгож, түр ажлын байраар 200 иргэнийг хангана. Ажиллах хүчээ орон нутгаас хангах хүсэлтэй байгаа ажээ. Хоногт 10 тонн ноос угаах хүчин чадалтай бөгөөд жилд аймгийн хэмжээнд бэлтгэгдэж байгаа бүх ноос, ноолуурыг угааж цэвэрлэх бүрэн боломжтой гэдгийг хэлж байна.
“Бид үйлдвэр байгуулна гээд орон нутгаас нэн түрүүнд мөнгө хөрөнгө гуйхыг урьтал болгоогүй. Өөрсдийн хөрөнгөөр үйлдвэрээ ашиглалтад оруулъя гэж зорьсон. Одоо харин малчид малынхаа ноос, ноолуурыг зах зээлийн ханшаар орон нутгийнхаа үйлдвэрт өгдөг байх тал дээр орон нутаг бодлогоороо дэмжиж өгөхийг хүсч байгаа юм. Бид томоохон үйлдвэрүүдтэй өрсөлдөх хэмжээнд ажиллах учраас ийм дэмжлэг тун хэрэгтэй” гэж Ч. Ихбаяр ярилаа.
Т. Отгонтуяа