Ойрын дөрвөн жилд сум бүр үйлдвэртэй болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДундговь/МОНЦАМЭ/ Сайхан- Овоо сумын иргэн Т. Тогтохбуян модон эдлэлийн үйлдвэрлэл эхлээд 4 жил болж байгаа. Өөрөөс гадна нэг хүнийг ажлын байртай болгож, хоёул энэ хугацаанд 380 гаруй захиалагчид 60 нэр төрлийн 600- аад бүтээгдэхүүн үйлдвэрлэж өгсөн. Хоёулхнаа ийм хэмжээний үйлдвэрлэл явуулж чадсан юм чинь сумандаа байгаа мужаануудаа нэгтгээд үйлдвэрлэлээ томруулбал орон нутагт илүү үр өгөөж бүхий үйлдвэрлэл нэмэгдэх боломж бий гэдгийг хэлж байна. Харин үүний тулд үйлдвэрлэлийн томхон байр хэрэгтэй. Ийм байртай болоход л орон нутгийн дэмжлэг хэрэгтэй гэлээ.
Иргэн Т. Тогтохбуян шиг үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэхэд ямар боломж, давуу тал байгааг, мөн ямар саад бэрхшээл тулгарч байгааг үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгч иргэд өнөөдөр болсон зөвлөгөөний үеэр шийдвэр гаргагчдад дуулгасан юм.
Аймгийн эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах, үйлдвэрлэл үйлчилгээг хөгжүүлж, ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор Дундговь аймагт 2017 оныг үйлдвэрлэлийг дэмжих жил болгосон. Энэ хүрээнд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн зөвлөгөөнийг аймгийн ЗДТГ төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулсан нь энэ бөгөөд 15 сум бүрээс бизнес эрхлэгчдийн төлөөлөл 140 гаруй хүн зөвлөгөөнд хүрэлцэн иржээ.
“Шинэ дэвшилтэт технологи бүхий жижиг, дунд ямар үйлдвэрлэл, үйлчилгээг шинээр бий болгох, урьд бий болсон үйлдвэрлэл, үйлчилгээг хэрхэн өргөжүүлэх вэ гэдэг арга замыг тодорхойлоход зөвлөгөөний зорилгыг чиглүүлсэн. Санал санаачлагуудыг нэгтгээд Засаг даргын 2020 он хүртэл хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан 21 үйлдвэр байгуулах эхлэлийг энэ онд тавина” гэж ЗДТГ- ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Н. Эрдэнэ- Очир хэллээ.
Дундговь аймагт сүүлийн жилүүдэд дал гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шингэсэн байна. Гэхдээ энэ бол төсвийн хөрөнгө оруулалт. Төсвийнхөө ная гаруй хувийг улсын төсвөөс татаастай бүрдүүлдэг ийм аймгийн хувьд бизнес эрхлэгчид нь илүү идэвхи санаачлагатай, орон нутгийн эдийн засагт үр өгөөж болохуйц баялаг бүтээгч байх нь чухал гэдгийг аймгийн удирдлагууд зөвлөгөөний үеэр тодотгон хэлж байсан. Гэхдээ баялаг бүтээнэ гээд юу хамаагүй хийгээд явах биш аймаг орон нутгийн хөгжлийн бодлоготой уялдсан, оруулсан хөрөнгө оруулалт нь үр өгөөж өгч, зардлаа нөхдөг байх учиртайг бизнес эрхлэгчдэд сануулж байсан юм.
Цаашид хөдөлмөр эрхлэлтийг дэмжин ажлын байрыг нэмэгдүүлж, зорилтот хүн амын амьжиргааг дэмжих, жижиг, дунд үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний зах зээлийг өргөжүүлэх зэрэгт чиглэсэн хамтын ажиллагааг хэрэгжүүлэхэд аймгийн Засаг дарга болон ХХҮГ, ХХААГ, МСҮТ, Говийн бүсийн арга зүйн төв, Үйлдвэрчний эвлэлийн холбоо, МХАҮТ-ын Дундговь аймаг дахь салбар, Дэлхийн зөн ОНХХ, Ажил олгогч эздийн холбооны төлөөлөлүүд санамж бичигт гарын үсэг зурсан.
Хамтран ажиллагч байгууллагуудын туслалцаатайгаар орон нутагт хөдөлмөрийн зах зээлийн суурь судалгааны чанар, хүртээмжийг сайжруулж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааг судалгаанд үндэслэн үр дүнтэй зохион байгуулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийг орон нутгийн эдийн засгийн тэргүүлэх чиглэлтэй уялдуулан хэрэгжүүлж түншлэлийг хөгжүүлэх, орон нутагт үйлдвэрлэсэн бараа бүтээдэхүүний худалдан авалтыг нэмэгдүүлж, хөдөлмөр эрхлэлтийн тогтвортой байдлыг дэмжих үйлчилгээг бий болгох гол ажлуудыг санамж бичигт тусгажээ.
Т. Отгонтуяа