Ирэх зун нийт мал сүргээ угаана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДундговь/МОНЦАМЭ/ Ирэх зун тус аймгийн мал аж ахуйн салбарт хийх томоохон нэг ажил бол мал угаалга юм.Ингэхдээ стандартын дагуу бэлдсэн уусмалд малыг бүх биеэр нь шумбуулж угаах нь илүү үр дүнтэй гэж үзэж, мал угаалгыг хөдөө аж ахуйн салбарын энэ оны нэг зорилт болгожээ.
Өнгөрсөн зун, намар, өвлийн саруудад Дундговь аймгийн ихэнх сумын нутаг дэвсгэрт малын гоц халдварт цэцэг өвчний голомт үүсч, хорио цээрийн дэглэм үргэлжилсэн. Цаашид халдварт өвчнийг дахин үүсгэхгүй байх, өвчин үүсгэгчээс мал сүргээ ангижруулж, эрүүлжүүлэхийн тулд нийт мал сүргээ угаалгад хамруулахаар ийнхүү төлөвлөжээ.
Мал сүрэгт угаалга хийдэг. Гэхдээ сүүлийн жилүүдэд шумбуулж биш шүршиж угаадаг болсон бөгөөд энэ нь паразит өвчин үүсгэгчийн үүрлэх тохиромжтой орчин болдог эрүүн доорхи хонхорхой, гэдэс, хээл, суга, цавь хэсэгт бүрэн хүрдэггүй нь учир дутагдалтай. Тиймээс шумбуулж угаах нь илүү үр дүнтэй гэж үзэж байгаа ажээ.
Мал угаалгад зориулан сумд дор бүрнээ угаалгын банн бэлдэх юм байна. “Зуны сар гарахаар угаалгын бэлтгэл ажлыг эхлүүлнэ. Үүнээс наана мал угаалгын үйлчилгээний тарифыг ИТХ- аар шинэчлэн тогтоох шаардлага байгаа гэж ХХАА- н газрын Мал эмнэлэгийн албаны дарга М. Хүүбаян хэллээ.
Урьд нь нэг мал угаахад бог, бодоос шалтгаалан 200- 300 төгрөг байхаар ИТХ- ын тэргүүлэгчдийн хурлаар тогтоосон байдаг бөгөөд Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулиар ИТХ- ын тэргүүлэгчид биш төлөөлөгчид хэлэлцэн тогтоохоор заасаны дагуу тарифыг шинэчлэн батлах шаардлага ургасан байна. Нөгөөтэйгүүр энэ тариф ариутгалын бодис үйлчилгээний хөлс зэргийг тооцоход хүрэлцэхээргүй бага тул нэмэгдүүлэх шаардлагатай гэж малын эмч нар учирладаг ажээ.
Гэхдээ мал угаалгын хөлсийг малчин өөрөө хариуцан төлдөг учраас үйлчилгээний хөлсийг хэт нэмэгдүүлэх боломжгүй.Ямар боловч мал угаалгаас наана үйлчилгээний тарифыг боломжит түвшинд нь шинэчлэн тогтоох юм байна.
Т. Отгонтуяа