Малайзад амьдардаг Умард Солонгосын иргэдийн ихэнх нь тагнуул хийдэг

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-03-10 14:54:53

СИНГАПУР./ТАСС/. БНАСАУ-ын мянга гаруй иргэн Малайзад байнга оршин суудаг бөгөөд тэдгээрийн ихэнх нь тагнуулын үйл ажиллагаа явуулдаг болохыг тусгай албаныхан илрүүлсэн тухай Малайзын төрийн мэдлийн “Bernama” агентлаг мэдээллээ.

Мэдээлэлд дурдсанаар, Умард Солонгосын олон иргэн мэдээллийн технологийн салбарт ажилладаг байна. “Тэдний зарим нь  Умард Солонгосын захиалгаар мэдээлэл цуглуулж байсан байх магадлалтай” гэж тусгай албаныхан үзэж байгаа аж.

Түүнээс гадна зарим умард солонгосчууд малайзчуудтай хамтран Малайзын Саравак мужид төмрийн хүдэр олборлох бизнес эрхэлдэг байна. Малайзад ажиллаж буй Умард Солонгосын иргэд цалингаа шууд бусаар авдаг аж. Тодруулбал, ажил олгогч нь цалин тавих мөнгөө Куала-Лумпур дахь Умардын элчин сайдын яаманд шилжүүлдэг байна. Үүний дараа дипломатчид уг мөнгийг Пхеньян руу аваачдаг аж.

Өмнө нь “The Star” сонинд Малайзын цагдаагийн эх сурвалжийн  “Умард Солонгосын Тагнуулын төв хороо бүс  нутгийн улсуудад гадаадын хамгийн том агентийн сүлжээг байгуулсан” гэсэн таамаглалыг нийтэлж байжээ. Тухайлбал, Сингапур болон Малайзад техникийн зөвлөгч болон рестораны бизнес эрхлэн нууцаар ажилладаг тусгай албаны ажилчид байдаг аж. БНАСАУ-ын тусгай албаныхны  тагнуулын гол объектууд нь Зүүн Өмнөд Азид оршин суудаг томоохон байгууллагуудын захирал, бизнесмен болон дипломатч зэрэг Япон болон БНСУ-ын иргэд байдаг аж.

Малайз улс 1973 онд БНАСАУ-тай дипломат харилцаа тогтоожээ. 2009 онд БНАСАУ-ын иргэдэд визгүй зорчих эрх олгож байсан боловч өнгөрсөн долоо хоногт уг давуу эрхийг цуцалсан байна.

Хэдхэн хоногийн өмнө Малайзад суугаа БНАСАУ-ын элчин сайдыг тус улсаас хөөх шийдвэрийг гаргасны хариуд БНАСАУ Пхеньян дахь Малайзын Элчин сайдыг хөөсөн байна. Үүний дараагаар Умард Солонгосын тал Малайзын иргэдийг улс орноосоо гаргахгүй гэж мэдэгдсэний хариуд Малайзын Ерөнхий сайд Нажиб Разак мөн адил арга хэмжээ авчээ.

Б.Мишээл

 

 

Холбоотой мэдээ