Хятад улс БНАСАУ-д пуужин харвахаа зогсоохыг уриаллаа

Дэлхийд | Улс төр
adiyakhuu@montsame.mn
2017-03-08 15:30:54

ЛОНДОН. /BBC/. Хятадын ГХЯ-ны тэргүүн Ван И “нүүрлэн ирж буй хямралыг таслан зогсоохын” тулд Умард Солонгосд баллистик пуужин харвах, цөмийн туршилт хийхээ зогсоохыг уриаллаа. Харин хариу алхам болгон АНУ, Өмнөд Солонгос улсууд БНАСАУ-ын бухимдлыг төрүүлж буй хамтарсан хээрийн сургуулилтаа зогсоох ёстой гэж Бээжин үзэж байгаа ажээ.

Хятадын парламентын жил тутмын чуулганы үеэр Ван И сэтгүүлчидтэй ярилцахдаа хэрвээ аль нэг тал нь буулт хийхгүй бол Солонгосын хойгт үүссэн нөхцөл байдал гарцаагүй сүйрлээр дуусах болно хэмээн хэлжээ.

“Энэ нь нэг нэгэндээ зам тавьж өгөхийг хүсэхгүй байгаа өөд өөдөөсөө хар хурдаараа давхин ирж яваа хоёр галт тэрэгтэй адил юм” гэж Хятадын ГХЯ-ны тэргүүн зүйрлээд “Тэд духаараа халз мөргөлдөхөд бэлэн үү?” гэжээ.

Ван И-ийн үзэж байгаагаар асуудлыг зохицуулан шийдвэрлэх эхний алхам нь хоёр Солонгосын зүгээс цэргийн ажиллагаагаа таслан зогсоох явдал аж.

Даваа гарагт Умард Солонгос дөрвөн баллистик пуужин харвасан ба үүнийгээ Японд байрлах Америкийн цэргийн баазад цохилт өгөх туршилт гэж нэрлэжээ.

НҮБ-ийн Аюулгүй зөвлөл Умард Солонгосын асуудлаар лхагва гарагт хуралдаан хийхээр товлосон ба тус хуралдаанаар БНАСАУ-ын эсрэг ээлжит хориг батлагдаж магадгүй байгаа аж.

О.Барс 

Холбоотой мэдээ