Орон нутагт үйлдвэрлэдэг бүтээгдэхүүний хаяг шошгыг крилл, монгол бичгээр хамт бичнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ
erdenechimeg@montsame.mn
2017-03-07 13:31:56

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө “Бүх нийтийн монгол хэл бичгийн боловсролыг тасралтгүй дээшлүүлж, суралцагсдын эх хэлээрээ алдаагүй зөв бичих, ярих, сэтгэх, хэрэглээний бүрэн ур чадвартай болгон, үндэснийхээ хэл бичгийн албан хэрэглээг нэмэгдүүлнэ” гэсэн зорилтыг тусгаад байна.

Энэ зорилтын хүрээнд үндэсний хэл бичгийн чиглэлээр багш, сурагч, төрийн албан хаагч, иргэд гэсэн дөрвөн салбарыханд тохирсон арга хэмжээг явуулах юм. Мөн орон нутагт үйлдвэрлэж байгаа бараа бүтээгдэхүүний хаяг шошгыг үндэсний монгол бичиг болон крилл үсгээр хамт бичиж байхаар заасан байна.  

УИХ-аас батлан мөрдөж байгаа “Монгол хэлний тухай” шинэ хуульд ЕБС төгсөгчид, төрийн албанд анх орох иргэнээс авах Монгол хэлний шалгалтын даалгаврын дөрөвний нэгээс доошгүй хувь нь Монгол бичгийн мэдлэгийг шалгах агуулгатай байхаар хуульчилж, 2025 оны 1-р сарын нэгнээс Монгол Улсын бүх төрийн албан байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага албан бичгээ кирил болон үндэсний Монгол бичгээр хослуулан бичиж эхэлнэ. Энэ ч учраас албан хаагч, иргэд, суралцагсад Монгол бичгийг маш сайн сурч судлах хэрэгцээ шаардлага гарч байгаа юм.

Тиймээс монгол бичгээ анхлан сурч судалж байгаа болон сонирхон бие даан сурч байгаа иргэдийн хувьд үндэсний монгол бичгээр хэвлэгдэн гардаг цорын ганц хэвлэл болох “Хүмүүн бичиг” сониноо захиалан унших хэрэгтэйг захиалагчид нь зөвлөж байна.  Архангай аймгийн хэмжэээнд 2017 оны нэгдүгээр улирлын байдлаар 270 гаруй сонин захиалгад оржээ.   

Б.Гэрэлт-Од

Холбоотой мэдээ