Тээврийн хэрэгслийн албан татвараар 220 гаруй сая төгрөг төвлөрнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-03-07 12:46:50

Дундговь/МОНЦАМЭ/ Тус аймагт автотээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэл, албан татвар, төлбөр хураалт болон техникийн хяналтын үзлэг эхлээд байна. Байгууллага аж ахуйн нэгж, иргэдийн эзэмшилд байгаа тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэл, татвар хураалтыг 6 дугаар сарын 1, техникийн хяналтын үзлэгийг 12 дугаар сарын 25 хүртэлх хугацаанд зохион байгуулахаар аймгийн Засаг дарга захирамж гаргаж, ажлын хэсгийг томилжээ.

Энэ жил урьдчилсан байдлаар 6200 гаруй тээврийн хэрэгсэл шинэчилсэн бүртгэл, техникийн үзлэгт хамрагдахаар байна. Эдгээрээс авто тээврийн хэрэгслийн албан татвараар орон нутгийн орлогод 220 сая төгрөг, агаарын бохирдлын төлбөрөөр улсын төсөвт 30 сая төгрөг тус тус төвлөрнө. Харин авто зам ашигласны төлбөрөөр орон нутагт 40 сая төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөжээ

Жил тутамд тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэж, энэ хэрээр орон нутаг, улсын төсөвт төвлөрөх татварын орлого өсч байна. 2015 онд 6020 тээврийн хэрэгсэл бүртгэгдэж, 182 сая төгрөгийн орлого төвлөрч байсан бол өнгөрсөн жил 6185 тээврийн хэрэгслээс 206 сая төгрөгийн албан татвар төвлөрсөн. Энэ жил тээврийн хэрэгслийн албан татварын орлогын төлөвлөгөөг 220 сая төгрөг байхаар Сангийн яам ийнхүү баталсан байна.

Тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэл, татвар хураалт, техникийн хяналтын үзлэгийг энэ сард баруун бүсийн сумдад, ирэх сард зүүн бүсийн сумдад зохион байгуулахаар хуваарь гаргажээ.

Т. Отгонтуяа 

Холбоотой мэдээ