Сүхбаатар аймаг элэгний хавдрын нас баралтаар нэгдүгээрт бичигдэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-03-06 17:25:05

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймаг хорт өвчлөл,  тэр дундаа элэгний хавдрын нас баралтын тоогоор Монгол Улсдаа нэгдүгээрт бичигдэж байна. Энэ нь маш олон хүчин зүйлээс шалтгаалж байгаа гэдгийг албаны хүмүүс тайлбарлаж байна. Өнгөрөгч 2016 онд гэхэд хавдрын улмаас 92 хүн нас баржээ.

“Сүхбаатар аймгийн хэмжээнд 2016 оны байдлаар нийт өвчлөлийн дийлэнх хувийг амьсгалын замын эрхтэн тогтолцооны өвчлөл,  нас баралтын дийлэнх хувийг  хавдрын өвчлөл эзлэж байна. Тус аймагт хавдрын өвчлөл тэр дундаа элэгний хавдрын өвчлөл өндөр байгаа нь хүн ам цөөнтэйгөөс эхлээд олон хүчин зүйлээс шалгтгаалж байна. Нийт өвчлөгчдийн ихэнх нь вирусын гаралтай хавдар байгаа бөгөөд энэ нь дээр үед эмнэлгийн багаж хэрэгсэл, зүү тариурыг ариутган олон удаа хэрэглэж байсантай холбоотой. Мөн ард иргэдийн буруу зан үйл, эрүүл мэндийн боловсрол дутмаг зэрэг байдал нөлөөлж байгаа. Тиймээс нэн тэргүүнд иргэдэд мэдлэг мэдээлэл олгох, эрүүл мэндийн боловсрол олгох ажлыг хийх хэрэгтэй. Энэ талаар ч хэд хэдэн ажлууд төлөвлөгдсөн байгаа...” хэмээн  аймгийн Эрүүл мэндийн газрын халдварт болон халдварт бус өвчлөл хариуцсан мэргэжилтэн Д. Оюунбилэг хэллээ.

Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэгт 2015 оноос хавдрын хими эмчилгээний тасаг нээгдэн үйл ажиллагаагаа явуулж байгаа. Одоогоор тус тасагт хавдрын  улмаас хоёр хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний нэг нь элэгний хавдартай. Мөн гадуур хяналтанд байдаг өвчтөнүүдийн ихэнх нь элэгний хавдартай өвчтнүүд байдаг талаар АНЭ-ийн их эмч Ц. Алтансүх ярьж байна.

Хавдрын өвчлөл их байгаа нь муу хэрэг ч энэ нь нөгөө талаараа илрүүлэлт сайн байна гэсэн үг. АНЭ хоёрдугаар шатлалын эмнэлэгт байх ёстой бүх тоног төхөөрөмж, аппаратаар тоноглогдсон. Гуравдугаар шатлалын эмнэлэгт байдаг багаж хэрэгсэл ч цөөнгүй бий. Ингэснээр хавдрыг болоод бусад өвчлөлүүдийг орон нутагтаа илрүүлж, шаардлага эмчилгээ үйлчилгээг үзүүлж байна.

Хамгийн гол нь ард иргэд өвсөн  хойноо бус, өвдөхөөсөө өмнө ядаж жилдээ нэг удаа бүрэн үзлэгт хамрагдаж байх хэрэгтэйг хэлж байлаа. Одоо хяналтанд эмчлүүлж байгаа хүмүүсийн дийлэнх нь өвчнийхөө хожуу үед үзүүлж илрүүлсэн учир эмчилгээ авахдаа удаан, бүрэн эдгэрэх боломжгүй болж цаашлаад амь насанд эрсдэлтэй болж байгаа юм. Тиймээс ард иргэдийг тогтмол үзлэгт хамрагдаж байхыг анхаарууллаа.

Т. Одончимэг

 

Холбоотой мэдээ