Густав Климтийн зураг 48 сая фунт стерлингийн үнэд хүрчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИНЛОНДОН./BBC/.Австрийн нэрт зураач Густав Климтийн “Bauerngarten” буюу "Цэцгэн төгөл" гэдэг нэртэй зураг 48 сая орчим фунт стерлингийн үнэд хүрчээ.
Ингэснээр уг бүтээл нь Густав Климтийн хамгийн өндөр үнэд хүрсэн байгалийн уран зураг болсноос гадна Европт хамгийн өндөр үнээр борлуулагдсан бүтээлүүдийн жагсаалтын гуравдугаарт бичигдэж байна.
Зотон дээр тосон будгаар зурсан энэхүү бүтээлийг сүүлийн 20 жилийн хугацаанд анх удаагаа дуудлага худалдаанд оруулсан нь энэ юм. Намуу цэцэг, хонин нүдэн цэцэг болон сарнай цэцэгсийн үзэсгэлэн гоог дүрсэлсэн уг зураг нь Лондон хот дахь "Sotheby's" төвд болсон дуудлага худалдааны үеэр 47,971,250 фунт стерлингээр зарагджээ.
“Шинэлэг зохиомж, эрдэнийн чулуу мэт гялалзах тансаг өнгөний зохицол бүхий энэ зураг бол Климтийн хамгийн гайхамшигт бүтээлүүдийн нэг юм. Өндөр зэрэглэлийн уран зураачдын бүтээлүүд ихэвчлэн дэлхийн томоохон музейнуудад байдаг бөгөөд сүүлийн 10-аад жилийн хугацаанд цөөхөн тооны ийм хэдэн зургийг дуудлага худалдаанд оруулсан” гэж "Sotheby's" төвийн Европ дахь салбарын захирал Хелена Ньюмэн ярьж байна.
Европт хамгийн өндөр үнээр борлуулагдаж байсан бүтээлүүдийн жагсаалтыг 65,001,250 фунт стерлингийн үнэд хүрсэн Альберто Жакометтигийн “Алхаж буй хүн” зураг тэргүүлдэг бол удаад нь 49,506,648 фунт стерлингийн үнэд хүрсэн Питер Пауль Рубенсийн “Гэнэн балчруудын зодоон” зураг ордог байна.
Б.Мишээл