Улаагчин тахиа жилийн төрийн золголт болов

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2017-02-27 10:04:58

Билгийн тооллын XYII жарны “Алтан унжлагат” хэмээх гал улаагчин тахиа жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний өглөөний 08.00 цагаас  Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Монгол түмний сүлд хийморийн бэлгэдэл болсон Төрийн есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүллээ.

Үүний дараа Ерөнхийлөгч Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд хүрэлцэн ирж нум эвшээлгэх ёслол үйлдэв. Уг ёслолын дараа  УИХ-ын дарга М.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нар алд цэнхэр хадаг дэлгэн амар мэндийг нь эрэн золгож, хөөрөг зөрүүлэн мэнд мэдэлцлээ.

Төрийн золголтын дараа Ардын жүжигчин, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн ерөөлч, магтаалч Ц.Цэрэндорж төрийн хан хуурын хөг эгшгийг зохируулан тааруулж,Төрийн ёслол, хүндэтгэлийн өргөөний жаврыг үргээн төр, түмэндээ өргөх магтаалыг хайлав. Тэрээр 24 дэх жилдээ Төрийн Хан хуурын хөг эгшгийг зохируулж байгаа аж.

Дараа нь Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн гавж Ё.Амгалан, Дашчойлин хийдийн тэргүүн хамба Ч.Дамбажав нар Төрийн хүндэтгэлийн өргөө гэрт морилон ирж Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд нарт бараалхан золгож, ирж буй улаагчин тахиа жилийн өнгийг хэлэлцэв. Хамба, гавж нар айлсан ирж байгаа гал улаагчин тахиа жилд монголчууд хийморь сүлд өөдөө, хөгжин бадрахын нигууртайг айлтгав.

Үүгээр төрийн золголт өндөрлөв.

Б.Туул

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ