Нисэх онгоц худалдааны төвийг мөргөн осолджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-02-21 13:58:06

МЕЛЬБУРН. /BBC/. Австрали улсын Мельбурн хотод хувийн нисэх онгоц худалдааны төвийг мөргөж осолдсоны улмаас таван хүн амиа алджээ.

Тус улсын Виктория мужийн Цагдаагийн газрын дэд комиссар Стивен Лийн мэдэгдэхдээ “захиалгат нислэг үйлдэж явсан энэ онгоц "Эссендон" нисэх онгоцны буудлаас хөөрснийхөө дараахан хөдөлгүүр нь эвдэрч осолдсон. Аз болоход, тус худалдааны төвийн дэлгүүрүүд болон автомашины зогсоолуудад тухайн үед хүн байгаагүй тул нисэх онгоцон дотор сууж явсан хүмүүсээс бусад хүн осолд өртөөгүй" гэв. Онгоц худалдааны төвийг мөргөх үед дэлгүүрүүд хаалттай байжээ.

“Өнөөдөр тун эмгэнэлтэй өдөр байна.  Энэ бол сүүлийн 30 жилийн хугацаанд манай мужийн иргэний агаарын тээврийн түүхэнд болсон хамгийн их гарз хохирол дагуулсан осол юм. Ослоор олон хүн амиа алдлаа” гэж Виктория мужийн захирагч Дэниэл Эндрюс хэллээ.

Ихэвчлэн хувийн хөнгөн нисэх онгоцнууд хөөрч, буудаг "Эссендон" нисэх онгоцны буудал нь Мельбурн хотын төвөөс баруун хойд зүгт 13 км-ийн зайд оршдог аж.

Өнөө өглөөний 09:00 цагт осолдсон хос хөдөлгүүрт "Beechcraft B200 King Air" онгоцны ослын шалтгааныг тогтооно гэж Австралийн Тээврийн аюулгүй байдлын товчоо мэдэгдлээ.

Б.Мишээл

 

Холбоотой мэдээ