Доройтсон бэлчээрийн 58 хувь нь ашиглалтын горимыг өөрчлөх замаар сэргэх боломжтой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-10-20 12:45:19

Бэлчээрийн асуудлаар зөвлөлдөж байна

Аравдугаар сарын 16-наас Архангай аймгаас эхлэн 11 дүгээр сарйн 2-ныг хүртэл Завхан, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор аймагт “Бэлчээрийн менежментийг оролцогч талуудын оролцоог сайжруулах замаар боловсронгуй богох нь”  сэдэвт бэлчээрийн менежерүүдийн зөвлөлгөөн болж байна.


Уг арга хэмжээг газрын харилцаа геодези зураг зүйн газар, Швейцарын хөгжлийн агентлагийн *Ногоон-Алт*-төслөөс гадна аймаг , бүр дээр тухайн аймгийн ЗДТГ-ын хөгжлийн бодлогын хэлтэс, үйлдвэр ХАА-н газар, газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, бэлчээр ашиглагчдын холбоо хамтран зохион байгуулж байна. 
Зөвлөлгөөний зорилго нь  бэлчээрийн төлөв байдлын өөрчлөлт бэлчээрийг зохистой ашиглах талаар орон түвшинд дорвитой өөрчлөлт хийх зайлшгүй шаардлагын талаар нэгдсэн ойлголтод хүргэх, 2016 онд аймаг сумдын түвшинд бэлчээрийн менежментийн чиглэлээр баримтлах үндсэн чиглэлийг тодорхойлох, бэлчээрийн менежментэд оролцогч талуудыг татан оролцуулах, тэдний ажлын уялдааг сайжруулах ажлыг эрчимжүүлэхэд оршиж байна. 
“Үндэсний болон аймгийн түвшинд монгол орны бэлчээрийн өнөөгийн төлөв байдал, түүний тогтвортой байдлыг хангах талаарх бодлогын зарим асуудлаас” сэдвээр Швейцарийн хөгжлийн агентлагийн Ногоон–Алт төслийн судалгааны багийн ахлагч шинжлэх ухааны доктор Д.Булгамаа илтгэл тавьж, аймгийн хэмжээнд бэлчээрийн менежментийг боловсронгуй болгох чиглэлээр хийсэн ажлын үр дүн сургамж, МАА-н үйлдвэрлэлийн тогтвортой байдлыг хангах чиглэлээр аймгийн хэмжээнд хэрэгжүүлж байгаа бодлого үр дүнгийн талаар Н.Ганхуяг, Б.Эрдэнэболор нарын Бодлого судлалын төвийн мэргэжилтнүүд мэдээлэл хийж, сумын газар зохион байгуулалтын 2015 оны төлөвлөгөөнд бэлчээр зохион байгуулалтын асуудлуудыг тусгаж хэрэгжүүлсэн талаарх, бэлчээр ашиглалтын үр нөлөөг фотомониторингийн аргаар хянах ажлын явц, үр дүнгийн тухай дэлгэрэнгүй тайлангуудыг төслийн ажилтнууд тавьж байна.

Түүнчлэн бэлчээрийн менежментийн чиглэлээр 2016 онд аймгийн болон сумдын түвшинд анхаарч ажиллах ажлын төлөвлөгөөг танилцуулж хэлэлцүүлж байна. 
Сумаас бэлчээрийн менежментийн оролцоог хангасан байдлаар Архангай, Завхан, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, аймгийн Ихтамир, Идэр, Өндөрхангай, Чандмань, Богд-Уул сумын Засаг дарга, сумын бэлчээр ашиглалтын холбооны тэргүүн, газрын даамал, мал эмнэлэгийн үржлийн төвийн мэргэжилтнүүд санал арга барилаа солилцлоо. Малчдын бүлгүүд бэлчээрийн менежментийн чиглэлээр аймаг, сумын хэмжээнд 2016 онд хэрэгжүүлэх ажлын зөвлөмж боловсруулж байна. 
Аймаг бүрт чөлөөт ярилцлага зохиож байгаа бөгөөд энэ нэгдсэн арга хэмжээнд Баянхонгор аймгийн Тогтвортой ноолуур үйлдвэрлэл /AVSF/ төслийн нэгж оролцож байна.             

Бэлчээр талхлагдан доройтож байна

Архангай аймгийн малын бэлчээр нь хуурайшил халалт зэрэг байгалийн хүчин зүйлс төдийгүй хэт эрчимтэй ашиглалтын нөлөөгөөр улам бүр талхлагдан доройтож байна гэж Газрын харилцаа геодези зураг зүйн газрын судалгааны нэгжийн ажилтан Н.Ганхуяг хэллээ.
Ус цаг уурын сүлжээн дээрх бэлчээрийн мониторингийн цэгийн 2014 оны тоон мэдээлэлд суурилж тодорхойлоход тус аймгийн хэмжээний мониторингийн нийт цэгийн 21 хувь нь бэлчээрийн ургамлын зүйлийн бүтэц бүрэлдэхүүн нь байж болох хамгийн дээд түвшиндээ байгаа, 79 хувь нь тодорхой хэмжээгээр өөрчлөгдөж харилцан адилгүй түвшинд доройтжээ. 
Төлөв байдлын хувьд эрдэмтэн судлаачдын үзэж байгаагаар өөрчлөлтөнд орж харилцан адилгүй түвшинд доройтсон бэлчээрийн 58 хувь нь одоогийн ашиглалтын горим ачааллыг өөрчлөх замаар сэргэх боломжтой ажээ. 
Бэлчээрийн талхлагдал доройтол нь МАА-н салбарын чадавхийг буруулах шууд хүчин зүйл болж ган зуд бусад эрсдэлд улам эмзэгших ноцтой сөрөг үр дагаврыг дагуулж байгаа юм байна. Хангайн бүс нутагт дэлхийн уур амьсгалын дулаарал ч сөргөөр нөлөөлж байна. Агаарын дундаж температур, нийлбэр тунадасны сүүлийн 40 жилийн  мэдээг харьцуулан харахад, жилийн нийлбэр тунадасны хувьд Архангайн өмнөд хэсгээр жилд 0,1-0,2см-ээр буурч бусад хэсгээр олон жилийн дундаж орчим байхад харин аймгийн өндөр уулархаг болон тал хээрийн сумдын нутгаар агаарын дундаж температур, ялангуяа нутгийн баруун хагаст 0,075-0,160 хэмээр нэмэгджээ.     
Аймгийн бэлчээрийн боломжит даацтай одоогийн байгаа малын тоог харьцуулж үзэхэд нийт сумын түвшинд дунджаар 3-21 дахин өндөр ачаалалтай байгаа нь тооноос чанарт анхаарч, малын үүлдэр угсааг сайжруулан ашиг шимийг нэмэгдүүлж эр сувай малыг эргэлтэнд оруулж толгойн тооны зохистой харьцааг барих тал дээр малчид ч орон нутгийн удирдлагууд ч цаг алдалгүй анхаарч ажиллах шаардлагатайг эрдэмтэд сануулж зөвлөж байна.   

                     Тариат сумын малчдын гар зураг бэлчээр төлөвлөхөд суурь болдог

Архангай аймгийн Тариат сумын бэлчээр ашиглалтын холбооны малчдын санал дээр үндэслэсэн гар зураг нь орон нутгийн бэлчээр зохион байгуулалтын төлөвлөлтийн суурь болдог аж.
2014 онд малчдынхаа бэлчээр ашиглалтын гар зураг дээр суурилан Тариат  сумын бэлчээр зохион байгуулалтын төлөвлөгөөг зохиосон нь үр дүнтэй болжээ- гэж Швейцарийн хөгжлийн агентлагийн “PASTURE-GREENGOOLD”-төслийн бэлчээр сэргээх чадавхид суурилсан ашиглалтыг нэвтрүүлэх ажлын дунд дурьджээ. 
2015 онд Архангай аймгийн Тариат сумын БАХ-ны малчид ЗДТГ-ын газрын даамал байгаль орчны байцаагч мал эмнэлэг үржлийн мэргэжилтнүүд хамтран зам засах гүүр тавих, бэлчээр усжуулах, малын чанар сайжруулах, олон наст тариалах, 26 цэгт фотомониторингийн судалгаа хийх, сарлаг фестиваль зохион байгуулах, бэлчээр ашиглалтын холбоог чадавхижуулах зэрэг далайцтай бодит ажлыг гүйцэтгэжээ. Дашрамд нэмж өгүүлэхэд, Тариат сумын төвд ч их бүтээн байгуулалт өрнөж , 2012 оноос хойш танигдахгүй болтлоо шинэчлэгдэж тэлж байгаа гэж тус сумаас сонгогдсон аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Оюунчимэг танилцууллаа.     

                           Архангай аймаг Л.Булган

Холбоотой мэдээ