Хот дотор нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэх компанийг сонголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2017-02-16 16:35:20

Увс аймгийн Улаангом суманд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэх аж ахуйн нэгж, байгууллагыг өнгөрсөн мягмар гарагт сонгон шалгарууллаа.

Энэхүү сонгон шалгаруулалтад “Түмэнд нээлттэй хязгаарынхан” компани шалгарч дахиад нэг жилийн хугацаанд Улаангом сумын нийтийн тээврийн үйлчилгээг хариуцан ажиллахаар болжээ. Энэхүү шалгаруулалтанд авто тээврийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг “Тээвэр логистк” компани өрсөлдөгчөөр оролцсон байна. Тухайн компаниудын нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэх тээврийн хэрэгслийн хүрэлцээ хэр байна, хөрөнгийн эх үүсвэр, үйлчилгээ үзүүлэх ажилчдын нөөц, хүрэлцээ зэргийг харгалзан үзэж сонгон шалгаруулалтыг хийжээ.

“Энэ жил Улаангом хот дотор нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэх сонгон шалгаруулалтад “Түмэнд нээлттэй хязгаарынхан” компани дахин шалгарлаа. Тус компанийн үйл ажиллагааг дэмжиж жилийн хугацаанд нийтийн тээврийн   үйлчилгээнд 48 сая төгрөгийн төсөв зарцуулах юм” хэмээн Улаангом сумын ЗДТГ-ын Авто тээвэр, үйлдвэрлэл үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Д.Нансалжав мэдээллээ.

Б.Батхүү

 

 

Холбоотой мэдээ