Өргөдөл гомдлын 97,1 хувийг шийдвэрлэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2017-02-16 13:03:46

Увс аймгийн ЗДТГ-т өнгөрсөн онд 15494 өргөдөл, гомдол ирсний 97,1 хувийг нь шийдвэрлэн хариу өгчээ.

Иргэд өргөдөл хүсэлтээ амаар болон бичгээр, мөн 70452222 утас, 70452222.mn цахим сайтаар дамжуулан өгдөг байна. Өргөдөл гомдлын зонхилох хувийг газар эзэмших, өмчлөх, ашиглалтын талаар, ажилд орохыг хүссэн, мөнгөн дэмжлэг хүссэн, тэтгэвэр тэтгэмж, нийгмийн халамжийн үйлчилгээтэй холбоотой асуудал эзэлсэн аж. Иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол дотроос аймгийн Засаг даргын дэргэдэх агентлагуудад 6594 өргөдөл, гомдол ирсэн байна. Эдгээрийн зонхилох хувийг цалинтай чөлөө олгох, ажилд орох, мөнгөн дэмжлэг үзүүлэхийг хүссэн өргөдөл гомдол эзэлжээ. Харин утсаар саналаа илэрхийлсэн иргэдийн хувьд эрүүл мэнд, боловсролын салбар, дулаан халаалт, төрийн албан хаагчтай холбоотой, мөн хүүхдийн мөнгө, халамжийн мөнгөтэй холбоотой асуудал ихээр яригджээ. Өөрийн биеэр буюу бичгээр 656 иргэн өргөдөл хүсэлтээ гаргасан бөгөөд тэдний дийлэнх хувь нь мөн л ажилтай болох, мөнгөн дэмжлэг хүссэн, халамжийн мөнгөтэй холбоотой асуудлаар ханджээ.

“Иргэдээс ирсэн өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэхдээ холбогдох хууь тогтоомж болон аймгийн Засаг даргын гаргасан журмын дагуу шийдвэрлэж байгаа” хэмээн аймгийн ЗДТГ-ын Өргөдөл, гомдол, шагнал, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн Х.Дэлгэрмаа хэллээ.

Б.Батхүү

Холбоотой мэдээ