Он гарсаар цагдаа нар 7 хүний алтан амь аварчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2017-02-15 11:47:30

Өнөөдөр ХЗДХЯ-ны Хүндэтгэлийн өргөөнд  гурван хүний эрдэнэт амийг аварсан цагдаагийн алба хаагчдад ХЗДХ-ийн сайдын тушаалаар Цагдаагийн дээд шагнал "Цагдаагийн алдар" шагнал гардуулах ёслол боллоо

Улаанбаатар хотын цагдаагийн газрын 4 дүгээр хэлтсийн албан хаагч цагдаагийн ахлах дэслэгч Б.Бүрэнтэгш, Х.Ариунбат нар Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороонд оршин суух нэгэн гэр бүлийг гал түймрийн аюулаас аварч онцгой гавьяа байгуулсныг онцолж ХЗДХ-ийн дэд сайд Б.Энхбаяр уг шагналыг гардуулан баяр хүргэв.

 Ёслолын үеэр УБХЦГ-ын дарга, цагдаагийн хурандаа Ж. Эрдэнэболд "Манай цагдаадгийн алба хаагчид дуудлагаас гадна иргэний үүрэг хариуцлагыг үлгэр жишээчээр биелүүлэн гэнэтийн осол, гэмтэл, аюул гамшгаас хүний амь нас, эд хөрөнгийг авран хамгаалах үйлсэд хүчин зүтгэсээр байдаг. Энэ он гарсаар манай цагдаагийн гурван албан хаагч 7 хүний алтан амийг аварсан. Үүнийг ХЗДХЯ анхааралдаа авч цагдаагийн дээд шагнал "Цагдаагийн гавьяа" тэмдгээр шагнасанд хамт олон болон нийт цагдаагийн бие бүрэлдэхүүний өмнөөс талархаж байна. Аливаа аюул ослоос ганц цагдаа ч бус нийт иргэдийн туслалцаа, идэвх, аврах үйл ажиллагаа нэмэгдвэл бүр ч сайнсан" гэлээ.

Цагдаагийн ахлагч Б.Бүрэнтэгш, Х.Ариунбат нар цагдаагийн сургуулийн нэг ангид хамт суралцаж төгсөөд, нэг хэлтэст хамт ажиллаж байгаа залуус юм. Тэд Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр Бэлхийн ...тоот гудамжинд өнгөрөгч баасан гарагийн 23:50 цагийн үед гал гарч буй байшингийн хаалгыг эвдэн орж гурван иргэний амь насыг галын аюулд өртөхөөс аварчээ. Гал авалцсан байшингийн хаалгыг эвдэн дотогш нэвтрэхэд иргэн Ж.Ганбат, түүний дүү З.Отгонтуяа, охин Г.Лхам-Эрдэнэ нар үүдний хэсэгт гал гарсныг мэдэхгүй, угаарталтын байдалтай унтаж байсныг сэрээн гадагш гаргаж, галын тархацыг нэмэгдүүлэхгүй байх арга хэмжээ авч, ЦЕГ-ын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 101 дугаарын утсанд яаралтай дуудлага мэдээлэл өгсөн байна. Энэхүү баатарлаг гавьяаг ч хамтдаа гүйцэтгэснээ "Бид хаа ч хамтдаа харуул, хамгаалалт, хяналт шалгалтад явдаг. Гар, сэтгэл, андгай тангараг нийлээд ажиллаж сурчихжээ.   Бие биедээ дэм болж, үүрэг даалгавраа цуг биелүүлж явах сайхан байдаг. Биднийг үргэлж дэмждэг хамт олондоо баярлаж байна. Бас иргэд маань ч цагдаагийн ажлыг дэмжиж байдагт баярлаж байдгаа хэлье" гэв. ХЗДХЯ дээрх шагналаар шагнан урамшуулаад зогсохгүй, хүний амь аварч гавьяа байгуулсан Г.Ганбаяр, Б.Бүрэнтэгш, Х.Ариунбат нарыг Монгол Улсын Ерөнхийлөгчид "Шударга журам" медалиар шагнуулахаар тодорхойлсон гэдгийг ч дэд сайд Б.Энхбаяраас сонслоо. 

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ