Үндэсний бичиг үсгээ уламжлан тээгч болохыг төрөлх нутгийнхандаа уриалжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-02-14 23:51:20

Монгол Улсын Ардын багш Д.Төмөр төрөлх Дундговь аймгийн Дэрэн сумынхандаа хандан сум орон нутгаараа Үндэсний бичиг үсгийн өв соёлоо уламжлан тээгч болохыг уриалсан байна. Тэрээр үндэсний бичиг үсгээ хэрэглээ болгохын тулд үндэсний хэмжээнд хэвлэгдэн гарч байгаа цорын ганц “Хүмүн бичиг” сониноо захиалан уншдаг байхыг уриалгадаа онцолжээ.

Ардын багшийн уриалгад, “2025 оноос үндэсний бичиг үсгээ төрийн харилцаанд хэрэглэх тухай Монгол хэлний хууль батлагдсан учраас бэлтгэлээ эртнээс хангах нь Та бидний  эрхэм үүрэг гэдэгт эргэлзэх юун. Учир иймээс төрөлх сумын маань ард иргэд, хүүхэд залуус, багш сэхээтэн, төрийн албан хаагч хэн ч болов хамгийн эхэнд “Хүмүн бичиг” сониноо захиалан уншиж, мэдээ мэдээлэл авангаа үндэсний бичиг үсгээ судлан сурах хэвшлийг одооноос тогтоовол нэн тустай гэж ахмад багшийн хувьд хүсч байна. “Хүмүн бичиг” бол хамгийн хямд атлаа хамгийн их үнэ цэнийг агуулж байдаг хэвлэл гэж би боддог. Хамгийн энгийнээр үндэсний бичиг үсгээ шимтэн сурах хөшүүрэг болно гэж бас итгэдэг.  Та бүхэн энэ сониныг аль хэр олноор захиалан уншдаг бол оо?

Үүнд сэтгэл чилээн, үндэсний бичиг үсгээ төрийн харилцаанд хэрэглэдэг болох бэлтгэлээ хангахад санаа тавьж, сумаараа, баг, хамт олноороо Үндэсний бичиг үсгийн өв соёлоо уламжлан тээгч болох уриалгыг миний бие чин сэтгэлээсээ ийнхүү илгээж байна.

Энэ ажилд нийгэм соёлын ажилтан, номын санч, багш нар гээд хөдлөх, хөдөлгөх хүчин олон бий. Үндэсний бичиг үсгээ сурах, сургах талаар манай сумын сургуулийн багш нарын хүч, ур ухаан их. Үүний илрэл болж Ж.Энхжин гэдэг хүүхэд Улсад ноднин шалгарч байсан бахархалтай түүх, туршлага, арга ухаан, боловсон хүчин манай суманд байна. Уриалга маань хэрэгжвэл, багш би  ихэд талархаж, сэтгэл өег байх болно оо. Та бүхэнд амжилт хүсье” гэжээ.

Ардын багш Д. Төмөр Дэрэн сумын уугуул. 2009 онд тус сумын дунд сургууль түүний нэрээр овоглодог болсон түүхтэй. Тэрээр монгол хэл бичгийн сургалтын арга зүй, хэл бичгийн соёлыг түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж яваагийн хувьд өөрийн нь нэрэмжит сургуулийн багш сурагчид, түүнчлэн сумынхаа нийт ард иргэдэд энэхүү уриалгыг илгээжээ.

Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ