Дорноговиос таван улсын аварга малчин тодров

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-02-14 13:54:55

Гал Тахиа жилийн босгон дээр  Дорноговь аймгаас улсын аварга малчны болзлыг хангасан  таван малчин төрлөө.

Хөвсгөл сумын Элст багийн малчин Галсаншадавын Уламбаяр, Эрдэнэ сумын Бүрдэнэ багийн малчин Сумъяагийн Одбаяр, Даланжаргалан сумын Бичигт багийн малчин Гончигдоржийн Бямба, Хатанбулаг сумын Агаруут багийн малчин Чулуугийн Батхүрэл, 2016 Сайхандулаан сумын Жаргалант багийн малчин Бандийн Мягмарсүрэн нар улсын аварга малчин болов.

Хөвсгөл сумын малчин Г.Уламбаяр 2016 оны жилийн эцсээр 1390 гаруй толгой мал тоолуулснаас гадна 2011-2016 оны хооронд 14 малчин өрхийг 522 толгой малаар малжуулсан амжилтаар сумынхаа түүхэнд 10 дахь улсын аварга малчин болжээ.

Дашрамд дурдахад түүний төрсөн ах Галсаншадавын Ууганбаяр нь 2015 онд улсын сайн малчин болж байжээ.

Мөн 1942 онд Хөвсгөл  сумын малчин Н.Гэндэн улсын аварга малчин болсон нь Дорноговь аймгийн түүхэнд хамгийн анхны аварга хэмээн бичигддэг байна.

Эрдэнэ сумын Бүрдэнэ багийн малчин Сумъяагийн Одбаяр мөн л мянгат малчин төдийгүй сумынхаа дөрвөөс таван өрх айлыг малжуулжээ.

Сайхандулаан сумын нэгдүгээр багийн  малчин Б.Мягмарсүрэн хөдөө аж ахуй салбарт 40 гаруй жил ажилласан бөгөөд 1500 гаруй толгой малтай, 1984 онд түмэн тэмээ тоолуулж байсан туршлагатай,сумынхаа дөрвөн айлыг малжуулсан аж.

Даланжаргалан сумын Бичигт багийн малчин Гончигдоржийн Бямба 1300 гаруй толгой малтай бөгөөд нийгмийн хариуцлагаа ухамсарлаж нутаг усныхаа олон өрх айлыг малжуулжээ.   Улсын  аварга малчны болзол хангасан малчинд улаан халз бүхий таван ханатай гэр гардуулах аж.

Өмнө нь улсын сайн малчин шалгаруулж байсныг Засгийн газар журамдаа өөрчлөлт оруулж улсын аварга малчныг шалгаруулахаар болсон. 

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ