Архангай аймагт хүүхэд оролцсон гэмт хэрэг өсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2017-02-14 12:41:08

Архангай аймгийн хэмжээнд 549 холбогдогч бүхий 536 гэмт хэрэг 2016 онд гарсан байна. Үүнээс хүүхэд оролцсон гэмт хэрэг 23 гарч, өмнөх оноос 3 тохиолдлоор буюу 13.04 хувь өсчээ. Гэмт халдлагад өртөж хохирсон насанд хүрээгүй хүн 24 болж, урд оныхтой харьцуулахад 4.3 хувь өссөн байгаа юм.

Насанд хүрээгүй хүнээс үйлдэгдсэн гэмт хэрэгт бусдын эд хөрөнгийг хулгайлах төрлийн гэмт хэрэг 90 хувиар өссөн, хүндэвтэр төрлийн гэмт хэргийн гаралт 60 хувь өссөн байна. Эдгээр гэмт хэргүүдийг бага боловсролтой буюу боловсролгүй насанд хүрээгүй хүн үйлдэж байгааг аймгийн Цагдаагийн газраас мэдээлж байна.

Насанд хүрээгүй хүнээс үйлдсэн гэмт хэргийн өссөн шалтгаан нөхцөлүүдийг эдийн засгийн хямрал, сургууль завсардалт, сахилга хүмүүжилгүй байдал, нийгмийн бүх орчинд болон хүүхдүүдийг гэр бүлийн орчинд төлөвшүүлэх үйл ажиллагаа дутмаг, эцэг эхийн хайр халамж дутах, хүүхэддээ тавих анхаарал халамж суларсан, эцэг эх багш, сурган хүмүүжүүлэгчийн уялдаа холбоо суларснаас, бусдын нөлөөнд амархан автдаг байдал, хэвлэл мэдээллийн хэрэгслийн сөрөг нөлөөлөл, РС, цахим тоглоом гэх мэт олон хүчин зүйлсүүд нөлөөлж байгааг хэлж байна. 

Б.Гэрэлт-Од

Холбоотой мэдээ