УИХ-ын дарга М.Энхболд Завхан аймагт ажиллалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-02-13 21:51:10

УИХ-ын ээлжит чуулганы завсарлагааны хугацаанд УИХ-ын дарга М.Энхболд тэргүүтэй ажлын хэсэг гурван өдөр үргэлжлэх томилолтынхоо эхний өдөр Завхан аймгийн иргэдтэй уулзлаа.

УИХ-ын даргыг дагалдан УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд П.Ганхүү, Зам тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле, Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн болон Завхан аймгаас УИХ-д сонгогдсон УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Я.Санжмятав нар ажиллалаа.

Уулзалтын үеэр УИХ-ын дарга 2016 оны намрын ээлжит чуулганы хугацаанд батлагдсан хууль тогтоомжийн талаар иргэдэд мэдээлэл хийлээ. Монгол Улсын засгийн газрын гишүүд яамдын дэд сайдууд 2017 онд хийж хэрэгжүүлж байгаа бодлого авч хэрэгжүүлж байгаа ажлуудын талаарх мэдээлийг өгч иргэдийн асуултад хариулт өгөв.  Харин Завхан аймгийн иргэд насны хишиг олгох журам, ипотекийн зээл олгох, Тэлмэн сумд баригдах цахилгаан станцын ажлыг эхлүүлж ашиглалтанд хурдан хугацаанд өгөх, Улиастайд дулааны цахилгаан станц барих ажилд дэмжлэг үзүүлэх, их дээд сургуулийн тоог багасгаж, төлбөрийг бууруулах, малчдын тэтгэвэрт гарах насыг наашлуулах, Загастайн давааны засмал замын ажлыг түргэвчилж дуусгах гэхчлэн аймаг орон нутагт тулгамдсан томоохон ажлуудын талаар санал хэлж асуултдаа хариулт авлаа. Түүнчлэн иргэд намчирхах үзэл хэт их байна, сонгуулийн дараа маш олон хүнийг ажлаас халсан төрийн залгамж халаа алдагдаад байна. Багш нарт тэтгэмж олгох, мөн алдарт эхийн одонгийн хүүхдийн тооны ялгаа их байна гэхчлэн гомдол саналыг хэлж ажлын УИХ-ын даргад амжилт хүслээ.

Иргэдээс тавьсан санал асуултуудад холбогдох яамны сайдууд хариулт өглөө. Тухайлбал Загастайн давааны замын ажил хавар тавдугаар сараас эхэлж 2017 оны 10 дугаар сард ашиглалтад хүлээж авна. Ипотекийн зээлийг үргэлжлүүлэн олгоно, Улиастайд дулааны цахилгаан станцыг Солонгос улсын засгийн газрын хөрөнгө оруулалтаар барихаар болсон. Энэ жил Завхан аймагт тэрбум гаруй төгрөгийг нийгмийн халамжийн чиглэлээр олгож буй. Мөн энэ жил сүүний үйлдвэрлэлийн техник тоног төхөөрөмжийг олгож байгаа. Завхан аймагт шатахууны үнийг литр тутамд 100 төгрөгөөр нэмсэн Петровис, НИК компаниудад албан бичиг хүргүүлж шатахууны нэмэгдлийг зогсоогоод байгаа талаар мэдээллэв. Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл бэлэн болсон удахгүй ИХ-аар оруулна. Мөн зарим нэгэн газар дээр нь шийдвэрлэх асуудлуудыг сайд нар холбогдох албаны дарга нартай санал солилцож шийдвэрлэнэ гэв.

Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга М.Энхболд: -“Улиастайн иргэдээс олон сайхан санал, шүүмжлэл, буруутгасан, магтсан, сайшаасан, дэмжсэн саналыг сонслоо. Уулзалт сайхан боллоо. Манай хөдөө орон нутгийн иргэд их өөдрөг сэтгэгдэлтэй байгаа юм байна. Та бүхэнтэйгээ уулзах үзэл бодол саналыг тань сонсох таатай байлаа” гэв.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ