Хүрлийн үеийн үзмэрээ иж бүрнээр нь дэлгэлээ

Орон нутагт | Дундговь
Otgontuya@montsame.mn
2017-02-13 20:53:38

Дундговь аймгийн музей хүрэл зэвсгийн үеийн үзмэрүүдээ олон нийтэд иж бүрнээр нь дэлгэн үзүүлж байна. Тус музей  МЭӨ III мянганаас YIII зуунд хамаарагдах хүн төрөлхтний түүхийн чухал үеийн хүрэл эд өлгийн зүйлсээрээ Монгол улсын бусад музейнээс онцгойрон ялгардаг.  

Хүрлийн үеийн олдвор нь дөрвөлжин булш, шоргоолжин булш, бунхан, хиргисүүр, тахилга тайлгын онгоноос болон түүвэр байдлаар олддог байна. Ингэж түүвэр байдлаар олдсон арвин цуглуулгыг сан хөмрөгтөө бүрдүүлсэн Монголын цөөн музейн нэг бол Дундговь аймгийн музей юм.

 Монгол нутагт амьдарч байсан нүүдэлчин овог аймгийнхан хөгжлийнхөө явцад зэсийг хорголжин тугалгатай хольж хайлан хүрэл гэдэг нийлэг төмөрлөгийг гарган авч чадсан бөгөөд МЭӨ II мянган жилээс үйлдвэрлэлд өргөн нэвтэрсэн гэж үздэг. Дундговийн музейн хүрлийн цуглуулганд амьтны загварт хүрэл, унжлага, хүрэл сум, хутга,олом, арал, ахуйн хэрэглээний эдлэл хэрэглэл зэрэг 800- аад олдвор бий. Эдгээрээс хамгийн содон бөгөөд ховор нандинд тооцогддог морь барьж буй чонын дүрс бүхий хүрэл үзмэрээ музейн таних тэмдэг болгосон байдаг бөгөөд үүнийг Соёлын өвийн төв түүх соёлын үнэт зэрэглэлд бүртгэсэн байдаг.

Тус музей  өнгөрсөн жилийн хавар хүрэл эд өлгийн зүйлсээ иж бүрнээр нь нийслэл хотынхонд дэлгэн үзүүлж байсан. Энэ удаад орон нутгийнхаа ард иргэдийн танин мэдэхүйд мэдлэг нэмэхээр дэлгэн үзүүлж эхэллээ. Үзэсгэлэн бүтэн сарын турш үргэлжлэх юм байна.

Т. Отгонтуяа 

Холбоотой мэдээ