“Талын түмэн адуу” арга хэмжээ гурав  дахь жилдээ болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ariunbold@montsame.gov.mn
2017-02-13 15:27:08

БОАЖЯ-ны байгуулагдсаны 30  жилийн ойг угтсан “Талын түмэн адуу” арга хэмжээ Төв аймгийн Алтанбулаг суманд энэ сарын 18-19-нд гурав дахь жилдээ болно.

Монгол Улсад өвлийн аялал, жуулчлалыг хөгжүүлэх зорилго бүхий энэхүү арга хэмжээний үеэр уурга шүүрэх, уран уургач, бугуйлч, болон адууны тухай дууг хэн сайн дуулах вэ зэрэг тэмцээн болох юм. Мөн хурдан морьдын богино зайн уралдаан, Монгол баатруудын морьт үзүүлбэр зэрэг олон сонирхолтой үзүүлбэр зохион байгуулна гэдгийг "Талын түмэн адуу” эвентийг санаачлагч "Мөнх харилцаа" ТББ-ын тэргүүн Э.Цэрэнбат хэллээ.

Тэрбээр, “Олон улсын туршлагаас үзэхэд нэг арга хэмжээг 5 жилээс дээш хугацаанд зохион байгуулсны эцэст жуулчин татаж эхэлдэг. Харин гурав дахь жилдээ зохион байгуулж буй “Талын түмэн адуу” арга хэмжээг 10 гаруй орны жуулчид үзэхээр бүртгүүлжээ. Энэ нь манай арга хэмжээ эх орондоо өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилтоо биелүүлж эхэлсний жишээ болж байна. Мөн арга хэмжээний үеэр жуулчдад үндэсний гар урлалаа танилцуулах зорилгоор орон нутгийн үйлдвэрлэгчил бүтээгдэхүүнээ танилцуулж, үзэсгэлэн худалдаа зохион байгуулна” хэмээв.

Э.Энэрэл

Холбоотой мэдээ