Даршилсан сайра загас зүрхэнд хамгийн их ашиг тустай

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
bars@montsame.mn
2017-02-13 11:20:02

КРАСНОЯРСК. /TASS/. Оросын ШУА, Сибирийн холбооны тойргийн их сургуулийн эрдэмтэд даршилсан сайра /хар амар/ загасны хэд хэдэн төрлийг судалсны дүнд, энэхүү бүтээгдэхүүнд зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэхэд тустай ханаагүй тосны хүчлийн агууламж маш өндөр байна гэсэн дүгнэлтийг хийжээ. Энэ тухай ОХУ-ын ШУА-ийн дэд захирал Михаил Гладышев мэдээлэв.

“Даршилсан сайра нь ханаагүй тосны хүчил болох Омега-3-ыг хамгийн ихээр агуулсан бүтээгдэхүүн гэдгийг бид тогтоолоо” гэж Гладышев ярилаа.

Тэрбээр цааш нь тодотгон хэлэхдээ “Красноярскт гарч буй халдварт бус өвчлөлүүд, тэр дундаа зүрх судасны олон өвчний үндсэн шалтгаануудын нэг нь зохисгүй хооллолт юм” гэв.

Эрдэмтэд 14 төрлийн даршилсан сайра загасыг шинжлэн судалсан ба уг загасанд ашигтай тосны хүчил их хэмжээгээр агуулагддагаас гадна уг загасанд хүнд металлын агууламж хэвийн хэмжээнд байгааг тогтоожээ.

Уг судалгааны дүнг "Food and Chemical Toxicology" сэтгүүлийн 3 дугаар сарын дугаарт нийтлэх аж.

Эрдэмтдийн хийсэн судалгааны төслийг ОХУ-ын Боловсрол, шинжлэх ухааны яамны 2017 оны санхүүжилтын төлөвлөгөөнд оруулахаар шийдвэрлэсэн төдийгүй Оросын Суурь судалгааны сан, Оросын эрдэм шинжилгээний сан, Красноярскийн хязгаарын шинжлэх ухааны сан зэрэг байгууллагууд дэмжиж байгаа ажээ.

О.Барс

 

 

 

Холбоотой мэдээ