Оросын дипломат ажилтны өдрөөр хэвлэлийн бага хурал хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2017-02-12 21:12:15

Дархан хот дахь ОХУ-ын Ерөнхий Консулын газраас эрхлэн “Оросын дипломат ажилтны өдөр”-ийг тохиолдуулж тус аймаг дахь орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудад ажилладаг сэтгүүлчдийг оролцуулж хэвлэлийн бага хурал хийлээ.

Ерөнхий Консул Ц.А.Доржиев хэлэхдээ, ОХУ-ын Элчин сайдын яам нь Монголын орчин үеийн түүхэн дэхь хамгийн эртний, хамгийн том дипломат төлөөлөгчийн газар юм. Орос Улсын дипломат үйл ажиллагаа нь олон улсын тавцанд улам бүр эрчимтэй ажиллаж байна гээд Орос, Монголын дипломатууд хоёр улсын хоорондын харилцааг амжилттай өргөжүүлэн хөгжүүлэхэд нягт хамтран ажиллаж байна. Дархан хот дахь ОХУ-ын Ерөнхий Консулын газар нь Орос-Монголын хамтын ажиллагааг бүх чиглэлд ойртуулах явдал хэмээн онцлон тэмдэглэв. Тэрбээр “Бидний хувьд дипломат ажилтны өдөр нь зөвхөн баяр төдийгүй өнгөрсөн оны ажлаа дүгнэж, дараагийн жилд хийх ажлаа төлөвлөх үе байдаг. Энэ жил манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 96 жилийн ой тохиож байна. ЗХУ болон Монгол улсын хооронд 1921 оны 11 сарын 5-ны өдөр байгуулсан найрсаг харилцааны гэрээнд гарын үсэг зурсан нь хоёр орны улс төрийн онцгой ач холбогдолтой үйл явдал болсон. Энэхүү түүхэн ойд зориулсан хоёр улсын хамтын үйл ажиллагааны төлөвлөгөөг хийж дуусгаад байна” гэлээ.

Түүнчлэн өнгөрсөн жил бүс нутаг, хил орчмын хөгжилтэй холбоотой үйл ажиллагааны мэдээллийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэхэд хамтарч ажилласан Дарханы сэтгүүлчдэд талархал илэрхийлэв. Одоогоос 96 жилийн тэртээ Зөвлөлт Орос Улсын Засгийн газар, Монгол Улсын Ардын Засгийн газрыг дэлхийн бүх орнуудаас анх хууль ёсоор хүлээн зөвшөөрч өөрийн бүрэн эрхт консулын төлөөлөгчдийг Монголын нийслэл, Ховд, Улиастай, Алтанбулаг хотуудад илгээж байжээ.

“Түүхэн гэрээгээр баталгаажсан Орос, Монголын харилцаа хэд хэдэн үе шатыг дамжиж хөгжсөөр орчин үед 1993 оны нэгдүгээр сарын 20-ны өдрийн найрамдалт хамтын ажиллагааны гэрээнд суурилж батажсан” гэдгийг тэрбээр онцлон тэмдэглэв.

                                                                                                                                                      Б.Норовсамбуу

 

 

Холбоотой мэдээ