Иргэд хямд үнээр бараа бүтээгдэхүүн авч байна

Орон нутагт | Төв
yesukheitumur@montsame.gov.mn
2017-02-12 14:07:30
Yesukheitumur Tumurbaatar

“Ажилтай орлоготой иргэн” урианы жилийн хүрээнд Төв аймгийн Зуунмод сумын жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид үзэсгэлэн гаргаж бараа бүтээгдэхүүнээ иргэдэд хямд үнээр нийлүүлж байна.

Төв аймгийн Зуунмод сумын Баянхошуу баг “Ажилтай орлоготой иргэн” урианы жилийн нээлтийг ёслол төгөлдөр эхлүүлэв. Нээлтийн үйл ажиллагаанд Зуунмод сумын орлогч дарга Г.Гантөгс тэргүүтэй төлөөлөгчид ирж баяр хүргэсэн бөгөөд хөдөлмөрч багийн хамт олонд ажлын өндөр амжилтыг хүссэн юм. Үзэсгэлэнд 40 гаруй жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид оролцож байна.

Тэдний нэг өндөр настан Н.Нансалмаа нь өөрийн гараараа хийсэн үндэсний хувцсаараа оролцож байна. Ахмад настан оёсон дээлээ баг болон сумынхаа иргэдэд хямд үнээр нийлүүлдэг ажээ. Нэг дээл урлахад нэгээс хоёр хоногт шаардагддаг хэмээн ярьж байгаа энэ өндөр настан үзэсгэлэн худалдаанд 60-аад дээлийг оёж ирснээс 30-аад дээлээ борлуулаад байгаа гэнэ. 

Мөн  Зуунмод сумын Зүүндэлгэр багт “Ажилтай орлоготой-иргэн” урианы жилийн нээлт боллоо. Зүүндэлгэр багийн урианы жилийн нээлтэд 30 гаруй өрхийн үйлдвэрлэл эрхлэгчид болон гурван аж ахуй нэгж, байгууллагууд оролцсон байна. Оролцогчид үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээрээ үзэсгэлэн худалдаа гаргасан байв.

Зүүндэлгэр багт болсон нээлтийн үйл ажиллагаанд Төв аймгийн Тамгын газрын дарга Ч.Сарангэрэл болон Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Мөнхцэцэг нар оролцож баяр хүргэн үг хэлсэн юм. Түүнчлэн "Манчир эко” цэвэр ус үйлдвэрлэгч компани болон бэлэг дурсгал үйлдвэрлэгч “Баянбат” компаниуд шилдэг үйлдвэрлэл эрхлэгчээр шалгарч  өргөмжлөл хүртсэн талаар Зүүндэлгэр багийн Засаг дарга Ч.Одончимэг хэллээ. Харин онцлох брэнд бүтээгдэхүүнээр сүү, цагаан идээ шалгарсан бөгөөд амт чанараараа аймагтаа тэргүүлж байгаа гэдгийг тус багийн иргэд онцолж байв.

Т.Есүхэйтөмөр

Холбоотой мэдээ